Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаанд оролцох үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхсан байна. Энэхүү уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны урт хугацааны боломж нөхцлүүдийн талаар санал солилцжээ.
Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Монгол Улс, Европын Холбооны харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд Европын Холбоо стратегийн ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэж, Монгол Улсын хөгжил дэвшлийг цаашид дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн хоёр талын харилцааны механизмуудыг үр дүнтэй ашиглаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зүйтэйг цохон тэмдэглэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Комиссын Худалдааны комиссар Сецилиа Малмстромтой уулзаж, Монгол Улс, Европын Холбооны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар ярилцав. Тэд Европын Холбооны “GSP+” тарифын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар санал солилцож, Монголын экспортын бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахдаа үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатыг хангах, ажлын байр бий болгодог жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохирчээ.