Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Ундармаа төслийн талаар танилцуулсан юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Эдийн засгийн байнгын хороо Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр гишүүдээс гаргасан тодорхой саналуудыг нэгтгэн судалж, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Үндэсний статистикийн хорооны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, түүний үйл ажиллагааг хүрэлцээтэй төсөв, санхүү, мэргэжлийн боловсон хүчнийг чиглэлээр идэвхтэй дэмжихтэй холбоотой гурван хэсэг, долоон заалт бүхий чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.
Танилцуулгатай холбогдуулан гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Л.Болд, Д.Тэрбишдагва нар байр сууриа илэрхийлж, төсөл холбогдуулан зарим саналуудыг гаргасан. Тухайлбал, мэдээллийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан статистикийн мэдээллийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, мэдээллийн бодит байдлыг хангах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж буюу сум, хороодод статистикчийн орон тоог бий болгох үйл ажиллагааны зардал, төсвийг нэмэгдүүлэх асуудлыг хасах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар илэрхийлсэн. Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг нарийвчлалтайгаар гаргахад шаардлагатай бүтэц, төсвийн асуудал хөндөгдөж байсныг Байнгын хорооны тогтоолд тодорхой тусгах нь зүйтэй гэдэг саналыг М.Оюунчимэг гишүүн хэлсэн. Гишүүдээс гаргасан саналуудыг төсөлд тусгах асуудлыг хэлэлцээд, эцэст нь тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжсэн тул Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Сэтгэгдэл (2)