Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг. Гэхдээ орон нутагт зохион байгуулж байсан нь үгүй. Тэгвэл Сэлэнгэ аймаг анх удаа энэхүү чуулга уулзалтыг зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц, хөдөө аж ахуйн салбарын хөгжил ямар чиг хандлагын талаар Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.
-Монгол Улсын 21 аймгаас анх удаа Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зохион байгуулсан байна. Зохион байгуулах үндэслэл нь юу байсан бэ?
-Энэ сарын дундуур Монгол Улсын эдийн засгийн чуулган болох тов нь гарч, бэлтгэл ажил нь эхэлчихсэн байгаа. Уг чуулганаас урьтал болгон аймагтаа Хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулж, хэрхэн хөрөнгө оруулагчдыг татаж болох, ямар чиглэлд хөрөнгө шаардлагатай байна гээд олон асуудлыг шийдэх зорилгоор зохион байгууллаа. Ерөнхийдөө Сэлэнгэ аймагт хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж болох вэ, аль салбарт ямар улстай хамтарвал илүү үр дүнд хэрэх вэ гэдгийг тодорхойлохоор зохион байгуулсан юм. Мөн 21 аймгаас анхдагч нь болж байна.
-Үр дүнг нь хэрхэн харж байна?
-Гадаад харицлаагаа эдийн засагжуулна гэж олон жил ярьж байна. Жил болгон нь харилцан хамтын ажиллагаа гээд л гадна, дотны улс, аж ахуйн нэгжүүдтэй уулздаг. Тэр болгон нь зүгээр л нэг уулзалт, яриа болон үлддэг нь нууц биш. Тэгвэл цаашид зүгээр нэг уулзалт төдийгөөр харахгүйгээр, ярилцаад өнгөрдөг баймааргүй байна. Ямар нэгэн уулзалт хийсэн бол түүний үр дүнг үзэж, эдийн засагжуулах асуудлыг тавих хэрэгтэй гэж миний хувьд үзэж байгаа. Аливаа хөрөнгө оруулагчид болон орон нутаг харилцан ашигтайгаар ажиллаж, үр дүн гаргах нь чухал. Манай багийн хувьд аймаг хөгжих гарц, иргэдээ орлоготой болгох үүд нээлттэй байна гэж харж байгаа. Тодруулбал, баялаг, газар нутаг, аж ахуйн салбар нь Сэлэнгэд бий. Тиймээс үүнийгээ тулгуурлан хөгжил тийш алхаж, хөрөнгө оруулалт татан, уул уурхай, хөдөө аж ахуйгаа хөгжүүлье гэсэн бодлого гаргалаа. Цаашид үр дүн нь маш тодорхой харагдах болно. Бид нэлээд олон гэрээ хийж, хөрөнгө татахаар болсон.
-Хэчнээн байгууллагатай гэрээ хийсэн нь сонирхол татлаа л даа. Ямар чиглэлд хамтран ажиллахаар болов?
-Чуулганы өдөр 12 байгууллага гэрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллах саналаа өгсөн. Сэлэнгэ нутаг хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутаг. Энэ утгаараа дээрх салбарт хамтран ажиллана. Мөн тохижилт үйлчилгээний ажил буюу зам талбай барих чиглэлээр хамтран ажиллаж, хөрөнгө оруулахаар болсон. Ер нь, зөвхөн дээрх гол хоёр салбар гэлтгүй бүх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түүнчлэн анхдагч гэдэг утгаараа амиа бодсон зүйл хийж байгаа хэрэг биш шүү. Бидний туршлагыг харж, жишиг болгон хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж болдог сайн жишээ болоосой гэж хүсч байна. Анхны юм болгон алдаа оноотой байдаг болохоор алдааг нь давтахгүй, оноог нь сайжруулах чиглэлээр аймгууд маань хүлээн аваасай. Аймаг болгон өөрийн гэсэн онцлогтой учир тэр болгоноо харж, хөрөнгө оруулалтыг орон нутагтаа татаж болох гарцаа олох нь чухал.
-Ер нь, хөрөнгө оруулалтын таатай орчин гэж ярьдаг болсон цаг. Аймгийн хувьд аль чиглэлд ийм нөхцөл бүрдүүлж байгаа вэ?
-Мэдээж хэрэг ийм арга хэмжээг аймаг бүрдүүлэх шаардлагатай. Хөрөнгө оруулагчид ч үүнийг маш их анхаарч байж хөрөнгөө оруулах нь гарцаагүй. Манай аймгийн хувьд хамгийн таатай гэж болох салбар нь хөдөө аж ахуй, газар тариалан. Яагаад гэвэл улсын хэмжээний үр тарианы 60, төмс хүнсний ногооны 40 хувийг хангадаг. Стратегийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүний нэг үр тариа шүү дээ. Цаашид дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болчихвол улс орны эдийн засагт маш их хэмжээний хувь нэмэр болно. Ингээд харвал газар тариалангийн салбартаа хөрөнгө оруулагчтай болох нь үр дүнтэй байгаа юм. Үүнээс гадна эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болчихлоо. Газар тариалангийн бүс нутаг учир бэлчээрийн мал аж ахуйгаа багасгаж эрчимжүүлэх шаардлагатай тулгарсан. Тиймээс эрчимжүүлэх асуудлыг ч голлон харж, таатай орчин бүрдүүлж байна. Аймгийн иргэдийн хурлын тогтоолоор Сэлэнгэ аймаг газар тариалан, эрчимжсэн мал ахуйн бүс нутаг болно гэсэн шийдвэр гарсан. Үүнийгээ Засгийн газар хүргүүлсэн байгаа. Одоо шийдвэрийг нь л хүлээж байна.
-Уламжлалт буюу бэлчээрийн малаа эрчимжүүлэх асуудлыг малчид нэг их дэмждэггүй. Үүнийг зөвөөр тайлбарлаж, ойлгуулах л хэрэгтэй болчихоод байгаа?
-Тийм. Малчид маань тооны хойноос хөөцөлдөхгүй, чанартай мал сүрэгтэй, өгөөжтэй байхын ач тусыг мэдрэх хэрэгтэй байгаа юм. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйн өгөөжийг мэдрүүлэх чухал болоод байна. Өнөөдөр тансаг зэрэглэлийн хоол хийхээр гадаадаас өндөр үнээр мах оруулж ирдэг. Тэгвэл бид дотооддоо тэр махыг бий болгох хэрэгтэй болчихсон. Ингэхийн тулд эрчимжүүлсэн мал аж ахуй шаардлагатай. Үүнийг Засаг даргын зүгээс бодлогоор дэмжиж ажиллана. Манай багийн нэг номерт хэрэгжүүлэх бас нэг зорилт нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Хэдэн том компани дээр тулгуурлах биш иргэд өөрсдөө аж ахуйгаа эрхлээд ажлын байраа бий болговол ажилгүйдэл ядуурал буурч, орлоготой болоод зогсохгүй амьжиргаа нь ч дээшилнэ гэж бид үзэж байгаа. Ингэснээр аль нэг аж ахуйн нэгжийг ажлын байраа нэмэгдүүлээч гэж гуйхгүйгээр иргэдийнхээ туслалцаатайгаар ажлын байр бий болгоно гэсэн үг. Малчид ногоочдоо маш түлхүү дэмжих нь гол зорилго болоод байна.
-Хөрөнгө оруулалтын дээд доод хэмжээ ийм байвал гэж тооцсон зүйл бий юу?
-Гадна, дотны олон гэрээ байгуулсан гэдгийг дурдсан. Хийх ажил бүр онцлогтой учир хөрөнгө оруулагчдын бэл бэнчинтэй холбоотой. Мал аж ахуй гэхэд л хэрхэн яаж хөгжүүлэх, авч явахаас шалтгаалан хөрөнгөө оруулах юм. Уул уурхайд бол нэлээд өндөр дүнгээр хөрөнгө шаардана гэх мэт. Түүнээс энэ салбарт тэдийг оруул, ийм хөрөнгө хэрэгтэй гэсэн зүйл байхгүй.
-Сэлэнгэ аймгийн хувьд Чөлөөт бүсэд ямар анхаарал тавьж ажилах бол?
-Чөлөөт бүсийн хувьд яг одоогийн байдлаар аймагт шууд харьяалалтай биш. Тиймээс аймгийн зүгээс шууд оролцох боломжгүй л дээ. Учир нь, газар нутгийн хувьд Сэлэнгэ аймагт ч статус нь Засгийн газарт харьяалагддаг болохоор хөрөнгө оруулалтыг аймгийн зүгээс шийддэггүй.
-Эрчимжсэн мал аж ахуй бий болгоход хэр хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа талаар?
-Өнөөдөр Сэлэнгэ аймгийн бэлчээрийн даац гурав дахин ихэсчихээд байгаа. Мал сүргээ бог малын толгойд шилжүүлбэл 1,5 сая хүрдэг. Тэгэхээр тоо толгойг цөөлж, эрчимжүүлэх л хэрэгтэй болчихоод байгаа юм. Гэхдээ нэг их хурдан хугацааанд буюу ганц хоёр жилийн дотор хийж хэрэгжүүлж амжихгүй байх. Магадгүй гурав, түүнээс ч олон жил шаардагдах болов уу. Ямартай ч миний хувьд энэ ажлыг эхлүүлж, үржил шим сайтай, өгөөжтэй гэдгийг иргэддээ ойлгуулан, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулж байна.
-Иргэдээ орлоготой ажилтай болгох асуудлыг тавьж байна. Ажлаа авснаас хойш хэчнээн ажлын байр бий болгов гэдэг сонин байна л даа?
-Засаг даргын мөрийн хөтөлбөртөө тодорхой заачихсан зүйл. Хамгийн гол нь тоо чухал биш. Бидний, манай багийн зорьж байгаа зүйл бол иргэдээ орлоготой ажилтай, амьжиргаа нь дээшлэх зүйлд санаачлагатай ажиллах. Тиймээс ч жижиг дунд үйлдвэрлэгчид рүүгээ анхаарлаа түлхүү хандуулж байна. Тэд хашаандаа, эсвэл нэг га талбайд төмс ногоогоо тариалж байвал ажилтай орлоготой болно. Үүнд нь зээл тусламж үзүүлж, аймгаас бодлогоор дэмжих юм. Ер нь, тав, арван сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгчихөөр нэг хүний ард гурваас дөрвөн ажлын байр гарч ирнэ. Энэ чинь л бодит амьдрал. Түүнээс тэдэн ажлын байр бий болго, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр хамтран ажилла гэж аж ахуйн нэгжүүдтэй ярих нь тийм ч зөв шийдэл биш гэж үздэг. Иргэд өөрсдөдөө ажлын байр болгох орчин нөхцөл нь манай аймагт байна. Үүнийгээ л олж хараад түүн дээрээ хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдээд өгчихвөл ажилгүйдэл арилах боломжтой. Харилцан уялдаатай, ажил хэрэгчээр явбал тулгарч байгаа асуудлыг шийдэх боломжтой.
-Газар тариалангийн бүс нутагт энэ жил хэчнээн га талбайд үр тариа, хүнсний ногоо тариалах вэ. Одоо ажил ид өрнөж байгаа байх?
-Тариалаад эхэлсэн байгаа. Энэ жил 170 мянган га талбайд үр тариа тарих судалгаа, тооцоо гарч ажил эхэлсэн яваа. Хур тундас арвин, газрын чийг ч сайн байна. Хаврын тариалалт ч ямар нэгэн асуудалгүйгээр өрнөж байгаа шүү.
-Сүүлийн асуулт маань нэлээд улс төржсөн болчих гээд байна уу даа. Та төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагчид ёс суртахуунгүй, иргэдэд үйлчилгээ үзүүлж чадахгүй бол ажлаас нь шууд хална гэж байсан. Тэгвэл өнөөг хүртэл ийм тохиолдол гарав уу?
-Ийм зүйл багагүй гардаг нь нууц биш. Иргэдэд үйлчилдэг байгууллагын албан хаагч ажлаа хийхгүй, үйлчилгээгээ үзүүлэхгүй өөр зүйлд анхаарал хандуулах нь бий. Аймгийн төрийн албаны зөвлөлд өчнөөн гомдол санал ирдэг. Төрийн албанд ажиллагсад иргэдийн өмнөөс угтан бөхөлздөггүй юм гэхэд асууж, лавлаж байгаад нь бүрэн хариулаад, хэнтэй уулзахыг нь заагаад өгчихдөг байх хэрэгтэй. Дээрх асуудлыг шалгах ажлын хэсгийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга ахалж байгаа. Ямар зөрчил илэрнэ түүн дээр нь яаралтай арга хэмжээ авч ажиллана. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай л үзүүлэх ёстой. Ингэж чадахгүй бол зайгаа тавьж өгсөн нь дээр биз дээ. Ер нь, төрийн ажлыг хүнд сурталтайгаар хүргэж байгаа нөхөдтэй хариуцлага тооцох л ёстой.
Сэтгэгдэл (3)