Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын даргыг огцруулах асуудалтай холбогдуулан чуулганы хугацааг сунгах эсэх асуудал яригдаж байна. Хуулийн дагуу хугацаандаа тарах боломж бий. Хэлэлцэх шаардлагатай хуулиудыг энэ долоо хоногтоо багтаад шийдчих байх. Тухайлбал, манай салбарт гэхэд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль хэлэлцэгдэхээр жагсаалтад орсон.
-Намрын чуулганаар 23 хуулийн төсөл хэлэлцэхээс ердөө тавыг нь л хэлэлцэж шийдсэн гэж байна лээ?
-Хуулийн дагуу завсарлахад болохгүй зүйл байхгүй юм билээ. Хэлэлцэх шаардлагатай асуудал гэвэл дээр дурьдсан асуудал мөн цалин хөлсний нэмэгдлийн асуудлыг завсарлахаас өмнө зайлшгүй шийдэх ёстой. “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн дарга асан Д.Бямба-Очиртой холбогдолтой асуудлыг яамны зүгээс өнгөрсөн оны эхэнд гэрээг нь цуцлах асуудлаа Төрийн өмчийн хороонд явуулсан байсан. Харамсалтай нь, тухайн үеийн удирдлагууд удаашруулсаар байгаад эцсийн дүнд энэ хүнийг баривчлалаа.
-500 сая төгрөг солилцож байгаад баригдсан гэсэн. Энэ үнэн юм уу?
-Сайн мэдэхгүй байна. Шүүхээс тогтоох байх. Яамны зүгээс хийгдсэн шалгалтаар тодорхой ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учраас гэрээ цуцлах асуудлыг хүргүүлсэн.
-Тухайлбал ямар зөрчил илэрсэн юм бэ?
-Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эхнэрийнхээ нэр дээрх компанид ажил авсан гэдгээ мэдүүлээгүй байсан.
-Тэгэхээр Д.Бямба-Очирыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлсөн гэсэн үг үү?
-Тийм. Чөлөөлсөн байгаа.
-Та хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгсөн үү?
-Ирэх долоо хоногт өгнө. Бэлэн болсон байгаа.
-Ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлнэ. Таван толгойд шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн гэсэн. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах болов уу?
-Шахмал түлшний үйлдвэр жилд 250 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйл ажиллагаа нь жигдэрчихсэн ажиллаж байгаа. Эцсийн бүтээгдэхүүнээ нөөцлөөд эхэлсэн. Ирэх аравдугаар сарын нэгэн гэхэд долоон мянган шахмал түлш үйлдвэрлэсэн байх ёстой. Удахгүй шахмал түлш үйлдвэрлэх дөрөв, таван шугам нэмж тавина. Ингэснээр сард 40, 50 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг болно гэсэн үг.
-Ханшны хувьд ямар байх бол?
-Түүхий нүүрсний нэг тонн үнээс ихгүй байна. Өнгөрсөн долоо хоногт уг шахмал түлшний туршилт хийсэн айлуудад очсон. Эрэлт өндөр байна. Учир нь түүхий нүүрснээс хоёр дахин бага түлш зарцуулагдаж байгаа. Дээр нь ямар нэг үнэргүй учраас давуу талтай гэж байсан.
-Энгийн зууханд хэрэглэж болох уу?
-Боломжтой. Ирэх оны халаалт өгч эхлэх хүртэл бид 200-300 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэгчдэд түгээнэ. Хугацааны хувьд зургадугаар сараас эхлэн түгээх байх. Эрт нөөцлөх хүсэлтэй айлуудад хямд үнээр тараах төлөвлөгөө бий.
-Засгийн газраас "Рио тинто" компанитай ойлголцсон гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Тийм. Сэтгэл, зүтгэл гаргаад гэрээ байгуулвал гаднын хөрөнгө оруулагчтай ашигтай ажиллаж болдог гэдгийг жишээ болсон.
-Засгийн газрын гишүүний хувиар асуухад сүүлийн үед Засгийн газар орд газруудыг хүчээр авч байгаа асуудал гарч байна. Хувийн эзэмшилд халдсан асуудал болохгүй юу?
-Хууль бусаар авсан ордыг цэгцлэхгүй бол 1000 гаруй ашигт малтмалын хайгуулын лиценз байна. Үүнийг цэгцлэх ёстой. Нэг өдөр улс хоорондын маргаан үүсч болзошгүй.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)