“УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлийн дотоод үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас яг одоо шалгах гэж байна. Учир нь өнгөрөгч 2018 онд тус байгууллагын дотоод үйл ажиллагаа доголтой байснаас болж олон удаагийн осол аваар гарсан юм. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын дундуур хүчтэй аадар борооны улмаас зорчигчийн галт тэрэг унаж осолдон, олон хүн бэртэж гэмтэж эрүүл мэндээрээ хохирсон. Мөн тэрний өмнө Дархан-1 өртөөнд Олон улсын галт тэрэг мөн осолдсон байдаг. Энэ ослын шалтгаан нь дэр мод муудаж өмхөрсөн хэмээн тайлбарлаж, өөрсдийгөө өмөөрч хариуцлагаас бултсан. Түүнчлэн мөн оны есдүгээр сарын 15-нд Агуйт-Мааньт хоорондын замд 003 илчит тэргэнд гал гарч шатсан. Ослоос болж илчит тэргийг дахин ашиглах боломжгүй болсон бөгөөд тухайн үед гарсан галыг УБТЗ-ынхан өөрийн хүчээр унтрааж дийлэхгүй байсан учраас Улаанбаатар хот, Багахангай дүүргүүдээс гал унтраах ангийг нэмэлт хүчээр дуудаж галыг бүрэн унтраасан байдаг.
Үүнээс өмнө Замын-Үүд өртөөнд төмөр замын ажилтан галт тэргэнд дайруулж нас барсан бол, мөн нэг зүтгүүрийн А сектор бүхэлдээ шатсан гээд шил шилээ дарсан осол аваар болсон юм. Гэвч УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд хариуцлагаас бултаж, өөрсдийгөө өмөөрч, бусдад бурууг чихсэаэр өдийг хүрсэн юм.
Тэгвэл өнгөрөгч нэгдүгээр сараас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал болон холбогдох хууль дүрмийг баримталж ажиллаж байгаа эсэхийг шалгахыг хүссэн албан бичгийг удаа дараа хүргүүлсэн байна. Гэсэн ч тус байгууллагын удирдлага болох Д.Жигжиднямаа “Орос-Монголын хамтарсан нийгэмлэг учир ийм шалгалт хийх эрх байхгүй” гэдгээр хойш гэдийжээ. Тиймээс МХЕГ-аас “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, журмыг дагаж мөрдөх учиртай. Тиймээс шалгалт хийх нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг Зам тээврийн сайдад хүргүүлжээ. Салбарын сайдаас шалгалт хийхийг зөвшөөрснөөр “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шалгах ажлын хэсэг тус байгууллагын үүдэнд хүрэлцэн ирээд байна. Одоогийн байдлаар МХЕГ-аас тус байгууллагын Удирдах зөвлөлд шалгалт хийх талаар танилцуулсан ч ажлын хэсгийнхэнийг дотогш нэвтрүүлэхээс татгалзлаа.
Бид энэ талаар нэхэн сурвалжлах болно.
Г.Нацаг
Сэтгэгдэл (10)