Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн бол Дэлхийн II дайн байсан гэдэгт олон эрдэмтэд санал нэгддэг. Уг дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцжээ. Өнөөдөр Дэлхийн II дайн дуусч, нацист Германыг ЗХУ буулгаж авсны 74 жилийн ой тохиож байна. Ялалтын баярыг тохиолдуулан Хилийн цэргийн түүхийн секторын судлаач, дэд хурандаа Н.Даваадоржтой ярилцлаа.
-Өнөөдөр ялалтын баярын 74 жилийн ой тохиож байна. Дэлхийн II дайныг Халхын голын дайнаас үүдэлтэй гэж зарим судлаачид үздэг юм байна. Яагаад ингэж үздэг юм бол?
-Түүх бичлэгт Дэлхийн II дайны эхлэлийг Халхын голын дайн буюу 1939 оны Японы зэвсэгт хүчин Монголын хил хязгаарт халдан түрэмгийлснээр эхэлсэн гэж зарим судлаачид үздэг. Мөн 1939 оны есдүгээр сарын 1-ний өдөр нацист Германы дайралт эхэлснээр эхэлсэн гэж үзэх нь ч бий. Гэхдээ барууны болон өрнөдийн судлаачид нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүй. Халхын голын дайны үйл явдлыг түүхэнд янз бүрээр тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Их наран улсын Номун хааны хэрэг явдал, ЗХУ, Халхын голын байлдааны ажиллагаа гэж бичиж тэмдэглэдэг бол манай улсын түүх бичлэгт Халхын голын дайн гэж нэрлэдэг. Үүнд нь монголын судлаачид санал нэгддэг. Ингэж үзэх нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, тухайн үед манай улс цэргийн насны бүх эрчүүд буюу 18 мянга орчим эрчүүдийг цэргийн албанд татсан байдаг. Хоёрдугаарт, улсын төсвийн хөрөнгийн 60.6 хувийг энэ дайнд зарцуулсан. Өмнө нь ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан тохиолдол байхгүй. Гуравдугаарт, Монгол Улс энэ дайнд ЗХУ-тай байгуулсан харилцан туслалцах гэрээний дагуу татагдан орсон. Дөрөвдүгээрт, уг байлдааны дүнд 10 орчим мянган Өвөрмонгол иргэн эх нутагтаа эргэн ирж, суурьшсан.
-Тэгвэл та Дэлхийн II дайныг эхлэлийг Халх голын дайн байсан гэдэгт санал нэгддэг үү?
-Санал нэгддэг. Ингэж үзэх хэд хэдэн үндэслэлтэй. Учир нь 1930-аад оны сүүлч гэхэд дэлхийн их гүрнүүдийн газар нутаг эзэмших, өөрийн нөлөөг тогтоох, геополитикийн хүрээг тэлэх гэсэн бодлого үйл ажиллагаа явагдаж байсан үе. Тиймдээ ч ЗХУ, Монгол Улсыг Японы зэвсэгт түрэмгийллээс хамгаалах, бамбай жийргэвч болгохын тулд улс төрийн бодлого барьж оролцсон. Хоёрдугаарт, ЗХУ болон Япон Улс тухайн үеийн цэргийн шинжлэх ухааны хамгийн шилдэг гэсэн техникүүдийг Халхын голын байлдааны үеэр туршиж явуулсан байдаг. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн их зэвсэг техник, хүн хүч оролцсоноороо тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
-Та энэ чиглэлээр хэр удаан судалгаа хийж байна вэ?
-Би 10 орчим жил судалгаа хийж байна.
-Ялалтын баярын хөшөөг барих үед Ю.Цэдэнбал асны гэргий В.Платова Халх голын хаалганы үүдэнд барихыг эсэргүүцэж, хотын төвд барих санал гаргаж байсан юм билээ. Яагаад заавал хотын төвд бариулна гэсэн юм бол. Танд энэ талаар сонсч, судалсан зүйл бий юү?
-Улс төрийн бодлого зорилгоор хотын төвд, зарим нь Халхын голын дайн болсон газарт байрлуулна гэсэн санал бодлын зөрөлдөөн гарч ирээд эцэст нь дайн болсон газар Ялалтын баярын хөшөөг босгосон болов уу гэж хардаг.
-Халхын голын дайны үед хэчнээн цэрэг эрс, энгийн иргэн амь насаа алдсан юм бэ?
-Энд амь эрсэдсэн хүмүүсийн хувьд янз бүрийн тоо баримт байдаг. ЗХУ-ын түүх бичлэгт дайнд оролцсон өөрсдийн цэргүүдийн амь эрсэдсэн тоог дарж, японы цэргийн хүн хүчний хохирлын тоог өсгөн нэмэгдүүлж тэмдэглэсэн байдаг. Харин 1990 оноос хойш Монгол, Оросын эрдэмтэн судлаач, архивын байгууллага хамтран ажиллаж, шинэ баримтууд гаргасан. Сүүлд гаргасан тоо баримтаар Халхын голын дайнд Монгол Улсын 1000 хүн, ЗХУ-ын 8000 хүн, Япон Улсын 16000 орчим хүн амь үрэгдсэн гэдэг тоо гарсан.
-Тухайн үеийн Их наран улс “Манж Го” Улсыг байгуулах шалтгаан нь юу байсан юм бол?
-“Манж Го” улс байгуулах гол шалтгаан нь япончууд өөсрдийн нөлөөний хүрээг тэлэх, шинээр газар нутаг эзэмших зорилготой байсан юм. Мөн Дэлхийн II дайнд нацист Герман, Итали зэрэг улстай цэргийн холбоотон болсон учраас Манж Го Улсыг байгуулж, Монголд Халхын голыг эзлэн түшиц газар болгох, ЗХУ-ыг зүүн талаас нь довтлох стратегийн зорилгоор шинэ улс байгуулсан. Түүнчлэн судлаачдын дунд “байсан, байгаагүй” зэргээр яригддаг тухайн үеийн Японы ерөнхий сайд “Хятад улсыг эзлэхийн тулд Монгол, Манжуурыг эзлэх ёстой. Дэлхийг эзлэхийн тулд хятадыг эзлэх ёстой” гэсэн үндсэн гол зарчим барьж байсан гэж ярьдаг. Хоёрдугаарт, япончууд хятадын зүүн хойд хэсэгт дайн байлдаан явуулах үед ЗХУ-аас Шинжаан, Уйгарт зэр зэвсгийн тусламж үзүүлсэн нь “тоглоомон” Манж Го-г байгуулах нэг шалтгаан болсон гэж үздэг.
-“Манж Го” улс газар нутгийн хувьд хаана байрлаж байсан юм бэ?
-Хятадын зүүн хойд хэсгийн нутаг буюу Хайлаар, Манжуур, Харбин зэрэг батгаж байсан. Ингэснээр Монгол Улс “Манж Го” улстай 700 орчим км-н зайд хиллэх болсон.
-Халхын голын дайны үед Монгол Улс болон холбоотон ЗХУ-ын хувьд ямар бодлого барьж байсан бэ. Энэ талаарх цөөнгүй баримт бий. Гэхдээ яг санал нэгдсэн, нэг утга агуулгатай байх нь цөөн юм билээ?
-Энэ үед монголчууд тусгаар тогтносон, бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг байгуулахын төлөө бодлого барин тэмцэж байсан. Харин ЗХУ-ын хувьд гадаад Монгол буюу тухайн үеийн Монгол Улсыг өөрийн нөлөөний эрхшээлд байлгах, өмнө зүгээс учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх бамбай улс байлгахыг эрмэлзэж, зорьж байсан. Мөн монголчуудыг Их наран Улстай дипломат харилцаа тогтоохгүй байх бодлогыг баримталж байсан.
-Япончуудыг дайн өдөөх үед Сталин ЗХУ-ын бүх нисгэгчдийг цуглуулж “Холбоотон ахан дүүс монголчуудыг япончуудаас хамгаалах ёстой. Монголын тэнгэрт японы онгоц нисч, хөрсөн дээр нь япон цэрэг алхах ёсгүй” гэж хэлсэн тухай баримт байдаг. ЗХУ-ын хэчнээн нисгэгч дайнд оролцсон байдаг юм бэ?
-Тухайн үеийн Халхын голын байдлааны эхний үед японы тал агаарын тулалдаанд ноёлж байсан. Тиймээс Сталин стратегийн дайн явуулж байсан 30 орчим нисгэгчдийг Халхын гол руу явуулсан байдаг. Энэ нисгэгчид дунд ЗХУ-ын найман баатар багтсан байдаг юм.
-Халхын голын дайнд оролцсон Монгол болон ЗХУ-ын цэрэг, дайчдаас хэчнээн баатар төрсөн бэ?
-Уг дайнд оролцож гавьяа байгуулсан Н.Жамбаа, Д.Гуулин, С.Төмөрбаатар, П.Чогдон, Э.Шийлэг зэрэг хоёр орны 21 баатар төрсөн. Мөн Халхын голын дайныг 1939 оны тавдугаар сарын 11-ээс эхэлсэн гэж бичсэн байдаг ч яг үнэндээ 1935 оны эхэн үеэс эхлэлтэй. Тухайлбал, 1935 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс “Манж Го” Улсаас Монголын хилд халдан түрэмгийлэх ажиллагааг тасралтгүй явуулж эхэлсэн байдаг. Энэ үед Монгол ардын хувьсгалт цэргийн байлдагч Ш.Гонгор хамт хилийн манаанд зогсож байсан цэргээ мэдээ хүргүүлэхээр мордуулж, өөрөө тулалдан дайсны есөн цэргийг хороож, бусдыг нь хилээсээ хөөн гаргаж, баатарлагаар тулалдсан тул БНМАУ-ын анхны баатар цолыг хүртсэн байдаг.
-Япончууд дайн өдөөснийхөө төлөө олон улсын шүүхэд дуудагдсан. Манай улсаас ямар хүмүүс энэ хуралд оролцсон байдаг юм бол?
-1945 онд Германчууд ЗХУ-д ялагдсан. Мөн ЗХУ хойд Хятадад ноёрхлоо тогтоосон япончуудыг устгах, нутаг дэвсгэрийг нь чөлөөлөх байлдааны ажиллагаа явуулсан юм. Үүнийг монголын түүхэнд чөлөөлөх дайн гэж нэрлэдэг. 1945 оны наймдугаар сарын 9-ний өдөр ЗХУ Япон Улсад дайн зарлахад манай улс маргааш өдөр нь уг дайнд татагдан оролцсон. Улмаар Өвөрмонголыг чөлөөлж, япончууд эх нутаг руугаа буцсан. Ингээд дайнд ялагдсан орнуудад төлбөр оногдуулсан байдаг л даа. Мөн японы талыг Цэргийн гэмт хэргийн шүүх ажиллагаанд оруулсан. Шүүх хуралд Монгол Улсын баатар П.Чогдон Монголын талыг гэрчлэн оролцсон байдаг. ЗХУ-ын зүгээс Японы олон мянган цэргийг олзолж, үүнээс 12 мянган цэргийг монголчуудад хүлээлгэн өгсөн юм.
-Олзлогдсон цэргүүдээр юу хийлгэсэн юм бэ?
-Олон улсын конвенцийн дагуу Монголд байршуулж дайны дараах бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд гар бие оролцуулсан. Тухайлбал, МУИС, Улсын Төв номын сан, Гадаад харилцааны яам, Төрийн ордон бусад зам талбайг бариулсан. Ерөнхийдөө гол гол бүтээн байгуулалтыг тэднээр хийлгэсэн гэхэд болно. Мөн Япон Улсын Засгийн газраас “Говь” комбинатыг дайны төлбөр болгож барьж өгсөн.
-Таныг “Байтаг богд” киног бүтээхэд зөвлөхөөр ажилласан гэж сонссон?
-Тийм. Энэ түүхэн үйл явдал бол миний докторын цол хамгаалсан сэдэв байсан юм. Тиймээс уг киног бүтээхэд өөрийн чадлаараа зөвлөж, тусалсан. Зураг авалтыг тухайн дайн болсон газар нь очиж хийсэн. Тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал ямар байсан, Монголын төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ЗХУ болон хятадууд энэ дайнд яаж оролцсон. Япон, Англи, Америкийн тал ямар бодлого баримталж, хэрхэн хамжиж байсан талаар зөвлөхөөр туслах үүрэгтэй оролцсон.
-Сүүлийн үеийн түүхэн кинонууд тухайн үеийн нөхцөл байдалтай хэр тохирдог вэ. Зарим кино найруулагчид уран сайхны хэтрүүлгэ их ашиглаж, түүхийг гуйвууллаа гэсэн шүүмжлэл сонсох болсон?
-Бүтээл гэдэг маш их хөрөнгө, олон хүний хүч хөдөлмөр зарцуулахаас гадна цаг хугацаа их шаарддаг. Бүтээлийг баримтат, уран сайхны, баримтат уран сайхных уу гэдгийг ялгаж түүндээ тохируулж хийх хэрэгтэй. Зарим нэг талаар уран сайхны аргаар илэрхийлж байна гээд түүхэн үйл явдлыг гуйвуулдаг нь үнэн.
-Монгол, Орос, Хятад гурван улс байлдаж байгаад зогссон газраа хилийн бүсийг тогтоосон талаар хачин жигтэй зүйл ярддаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Халхын голын дайн гарах болсон бас нэг шалтгаан нь газар нутгийн маргаан шүү дээ. 1734 онд Манж Чин Улсын амбан Загдан Ар халхын Сэцэн хан аймгийн Чойжив хан нар Өмхий Хулт уулын Хавцгайт уул хүртэл хил тогтоож, тэмдэг босгосон байдаг. Энэ байдлаар хоёр улс 1930-аад оныг хүртэл эв найртай байжээ. Гэвч энэ үеэс дэлхийн их гүрнүүд газар нутгийн маргаан зохиомлоор бий болгож эхэлсэн байдаг. Тухайлбал, Японы талаас босгосон хилийн овоо, тэмдгийг харуй бүрийгээр устгах, өөр газарт зөөж байрлуулах зэргээр зохисгүй авирлаж байсан. Түүнчлэн Монгол Улсын хилийг Халхын гол мэтээр ойлгуулах, газрын зургийг дур зоргоороо өөрчлөх зэргээр маргаан дэгдээж байсан. Тиймээс хоёр тал энэ асуудлыг зэр зэвсгийн бус хэлэлцээрээр шийдье гэж Манжуурын хэлэлцээрийг зохион байгуулсан байдаг. Энэ нь гурван жил дараалан гурван үе шаттай явагдсан ч Их наран Улс, Манж Го Улсын зүгээс Монголын хил хязгаарыг зөрчих, түрэмгийлэл үйлдэх, хилийн харуул манааг устгах, ухраан байрлуулах, 1300 орчим айлыг хүчээр монголын нутагт тархаан суурьшуулсан. Тэдний аюулгүй байдлыг хангах нэрийдлээр айл бүрт 2-3 цагдаа суулгах зэргээр түрэмгийлэл үйлдэж байсан тул Манжуурын хэлэлцээр мухардмал байдалд орсон байдаг.
Хоёрдугаарт, уг хэлэлцээрээр Монгол Улс хил хязгаараа тогтоож, халдашгүй байдлаа хангах үүднээс ач холбогдол өгч оролцож байсан ч гэрээ хэлэлцээрийг ЗХУ-аас зааварлах болсон нь уг хэлэлцээр мухардах бас нэг шалтгаан болсон байдаг. Тиймээс хэлэлцээр амжилттай болж чадаагүй юм. Улмаар уг хэлэлцээрт Монголын талыг төлөөлж оролцож байсан Гэндэн, Самбуу, Амар нарын хүмүүс ЗХУ-д баригдан буудуулж, амь үрэгдсэн байдаг.
-Дэлхийн II дайнд монголчууд ЗХУ-тай холбоотон болж оролцсоны ач холбогдол нь юунд байв?
-Нацист Германы арми ЗХУ-д 1946 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр цэрэглэн дайрснаар дайн эхэлсэн. Дайны эхний өдрөөс монголчууд ЗХУ-ын ард түмэнтэй санаа сэтгэл нэг гэдгээ илэрхийлж, маш олон цэрэг дайн байлдаанд явах санал гаргаж байсан. Түүнчлэн жирийн малчдаас эхлээд бүхий л ард түмэн дайнд бололцоогоороо гар сунгаж тусалсан юм. Тухайлбал, 485 мянган морь, хөрөнгө босгож хандивлаж, бэлэглэсэн. Дэлхийн улс орнууд Монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй байсан. Харин Дэлхийн II дайны төгсгөлд япончуудын эсрэг чөлөөлөх дайны үеэр ЗХУ-ын цэрэг Монголын нутгаар дамжин өнгөрсөн. Энэ үеэр цэргийн холбоонд үнэнч байсныг үнэлж, 1945 оны хоёрдугаар сард болсон Кремлийн бага хурлаар Америк, Английн зөвлөлтийн их удирдагчид манай улсын тусгаар тогтнолыг Хятад улсаар хүлээн зөвшөөрүүлэхээр нэг болзол тавьж оролцсон байдаг. Ингэж л монголчууд тусгаар тогтнолоо олж аван дэлхий нийтэд тунхаглан зарласнаараа ач холбогдолтой юм даа.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)