Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул голын эрэг дагуу газруудыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлуудыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэлээ.
Туул голын эрэг дагуу иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, түргэн хоол, кофе шопоор үйлчлэх худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар барих аж. Мөн авто машины нэгдсэн зогсоолтой байхаас гадна гэрэлтүүлэг, зүлэг мод бүхий орчныг бүрдүүлсэн нийт 22 орчим км явган хүний зам, дугуйн зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор барихаар тогтжээ. Уг бүтээн байгуулалтын ажлыг 26 аж ахуйн нэгж нэгдэн хэрэгжүүлэхээр тогтсоноо хотын Захирагчид танилцуулав.
Яармагийн шинэ гүүрний орчимд ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр мод суулгасан байсныг тус газрын эзэмшигч гэх “Уран ган” компани газрын маргааны асуудлаас болоод суулгасан моддыг сүйтгэсэн тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Хотын Захирагчийн зүгээс ногоон байгууламжийн тохижилтыг хийж буй үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг өглөө. Харин газрын маргаан үүсгээд буй “Уран ган” компанид хууль дүрмийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд асуудлаа тавьж, шийдүүлэхийг хүсээд, элдэв үйлдэл гаргаж ажил гацаахгүй байх шаардлага тавив.