УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээс үр дүнгээ хэзээ танилцуулах юм бэ?
-Дубайн гэрээтэй холбоотой нууцлалын шалгалтын материал, Засгийн газар Оюутолгойн холбогдох нууцлалын материалыг гишүүдэд тарааж өгсөн. Оюутолгойн дүгнэлтэд нууцлалтай холбоотой ямар ч материал байхгүй. Мөн Оюутолгой дүгнэлтэн дээрээ тайлбар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, гишүүд энэ талаар бүх талын мэдээлэлтэй байх ёстой гэсэн үүднээс холбогдох материалуудыг тарааж өгсөн. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан. Гэвч Аудитын дүгнэлт байнгын хорооны хурлаас хоёр хоногийн өмнө ирсэн тул гишүүдэд танилцах боломж олгож, ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.
-Дээрх материалуудыг гишүүдэд өгөхөөс өмнө “Рио Тинто”-д өгсөн гэж яригдаад байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Гишүүд бүх материалуудыг авсан. Ялангуяа хоёрдугаар сарын 2-ны өдөр шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гишүүдэд тараагдсан шүү дээ. Тиймээс Д.Дамба-Очир хулгайлаад тухайн компанид өгсөн зүйл байхгүй. Оюутолгойн хоёр материал л нууцтай холбоотой. Үүнийг зөвхөн гишүүдэд л тарааж өгсөн.
-Гишүүд таныг буруутгаад байна. Оюутолгой компанитай хувийн ашиг сонирхолтой гээд. Таны компани тэнд бүтээн байгуулалт хийсэн гэдэг нь үнэн юм уу?
-Надад Оюутолгой компанитай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилдөөн байхгүй. Харин гэрээг сайжруулах ёстой гэсэн байр сууринд хатуу зогсож байгаа. Үүнээс үүдэн Оюутолгой болон түүнийг шалгах ажлын хэсгийн хооронд зөрчил бий болж байна. Уг асуудалтай холбогдуулан Оюутолгойгоос гэрээнд үг үсэг, цэг, таслал ч өөрчлөхгүй гэж мэдэгдэл хийсэн юм. Гэрээг өөрчлөх эсэхийг УИХ шийднэ. Сайжруулах ёстой зүйлийг сайжруулж, засах ёстой гэсэн байр суурьтай байна. Түүнээс биш энэ компанитай нийлээд хувь идэх ч юм уу ямар нэгэн зүйл байхгүй.
-Ажлын хэсэг одоог хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй юм биш үү?
-Тийм. Уг нь Д.Тэрбишдагвад ажлын хэсгийг олигтойхон хуралдуулаадах гэж хэлсэн. 12 гишүүнээс найман гишүүн нь гарын үсэг зурсан. Үлдсэн дөрөв нь тухайлбал, Т.Аюурсайхан гишүүнээс эхлээд өөр юм яриад сууж байна. Тиймээс ажлын хэсгээ ажлуул гэж шаардаж байгаа юм.
-УИХ-аас Оюутолгойг шалгах ажлын хэсэг гараад удсан. Дүгнэлтээ танилцуулахгүй байгаа шалтгаан нь юу юм бэ. Хоорондоо учраа олж чадахгүй байгаа юм уу?
-Хоорондоо учраа олж чадахгүй зовлонтой байна. Тухайлбал, нэг нь хөрөнгө оруулсан тооцоог нарийн гаргах хэрэгтэй. Нөгөө хэсэг нь шалгачихсан гэж яриад байгаа юм. Гарсан материалынх нь дүгнэлт хангалтгүй байгаа юм шиг байна. Би тэгж ойлгож байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)