УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. Иргэн Б.Осоргарав улс эх орноо өрнөөс гаргах санаачилга гаргах үед хамгийн түрүүнд хоёр гараа өргөн дэмжиж Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хувиасаа 100 сая төгрөгийн хандив өргөж байсан эрхэм. УИХ-ын гишүүнээр сонгогдож, Төрийн ордонд албатай явахаасаа өмнө тэрбээр Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг төмрийн хүдэр олборлох “Болдтөмөр ерөө гол” болон “Дорнын говь” компаниараа дамжуулж уул уурхайн салбарт нөлөөтэй нэгэн байв. Байв гэдэг нь өдгөө тэрээр төр түшилцэх түшээ болсон учир эрхэлж байсан бизнесээсээ түр татгалзсан байж мэднэ. Хуульд ч тийм зохицуулалт бий.
Гэхдээ түүнийг бизнесээсээ хөндийрлөө гээд орхиж болохгүй нэг асуудал байна. Тэр нь бизнес эрхэлж байхдаа хувийн компаниараа дамжуулан хийж гүйцэтгэсэн ажлын зардал. Б.Дэлгэрсайхан гишүүн ам цухуйхгүй байгаа болохоос Монголын Засгийн газар түүнд 100 сая ам.долларыг төлж магадгүй гэсэн үг. Энэ тухай тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр цухас дурдаад өнгөрсөн байдаг юм. Учрыг сийрүүлбэл 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын мэдээллийг сонсч байв. Тэгэхэд Б.Дэлгэрсайхан гишүүн “Хангимандал-Зүүнбаянгийн төмөр зам бол концессын гэрээгээр хийгдэнэ гэж ойлгож байгаа. Тэгээд энийг хэзээ Их Хуралд оруулж ирэх вэ Засгийн газар. Тэгэхдээ энийг миний бодож байгаагаар Зүүнбаян-Сайншанд гэж. Биш ээ. Хангимандал-Сайншанд болгохгүй бол Зүүнбаян-Сайншанд хоёрын хооронд байгаа зам чинь ийм хэмжээний хүчин чадал байгаа юу? Анх цэргийн зориулалтаар баригдсан. Тааруухан зам гэж би ойлгож байгаа.
Өөрөө Сайншандад амьдарч байсан учраас. Тэгэхээр үүнийг Их Хуралд оруулж ирэхдээ гэдэг юм уу? Засгийн газар хэлэлцэхдээ Зүүнбаян-Хангимандал юм уу, эсвэл Сайншанд-Хангимандал гэдгээр оруулж хоёр вариантаар оруулж ирээчээ гэдэг саналтай байгаа.
Тэгэхдээ концессын гэрээгээр ойрын үед шийдэхгүй бол том том төслөө хөдөлгөнө гэхээр бид зураг төсөлтэйгөө ноцолдсоор байгаад хавар болно. Хугацаагүй болчихож байгаа юм. Тэгээд хавар бас л зураг төсөл ярьсаар байгаад өдий хүрнэ. Түрүүн Д.Ганбат сайд ярилаа. Сайншанд-Тавантолгойн төмөр замыг анх 2011 онд “Дорнын төмөр зам” компани өөдөөс хараад сууж байгаа гишүүн Ж.Бат-Эрдэнийг Төрийн нарийн бичгийн дарга байхад нь концессын гэрээ хийгээд ТЭЗҮ, зураг төслийг нь хийсэн. Одоо тэр геодезийн хайгуулыг нь хийгээд 40 километр далан шороогоо тавьсан.
Өнөөдөр энэ компани нэг төгрөг ч Засгийн газраас аваагүй байгаа. Энэ мөнгийг одоо хэн төлөх вэ? 100-гаад сая доллар байгаа юм. Өнөөдөр өөрийнхөө Засгийн газартай шүүхдэлцээд байх хэцүү. Энэ бол яг цагаан цаасан дээр хараар Төрийн өмчийн хороо, энэ Ж.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн дарга, “Дорнын төмөр зам” гурав зурсан гэрээ” хэмээж байв. Гэвч түүний энэ асуултад салбарын сайд Д.Ганбат хийгээд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тоймтой хариулт өгөлгүй, тойруу утгаар нь хариулаад өнгөрсөн юм. Тэр үеийн салбарын сайдаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, дэдээр А.Гансүх, Төрийн нарийн бичгийн даргаар нь Ж.Бат-Эрдэнэ гишүүн ажиллаж байсан гэсэн үг. Гэвч энэ асуудал тэгсхийгээд замхарсан байдаг.
Б.Дэлгэрсайхан гишүүний Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт бичсэнээр тэрбээр “Дорнын говь” компанийг 100, “Болдтөмөр ерөө гол”-ын 30 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байдаг. Б.Дэлгэрсайхан гишүүний хэлсэн үнэн л юм бол хэзээ нэгэн цагт тэр гаргасан хөрөнгөө нэхэж л таарна. Өөрийнхөө Засгийн газартай шүүхдэлцээд байх хэцүү гэдгээ ч тэрээр тодорхой дурдсаныг Байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үгээс нь харж болохоор. Гагцхүү Төрийн нарийн бичгийн даргаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болж дэвшсэн Ж.Бат-Эрдэнээс үү эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх хоёроос уу бүр цаашлаад Засгийн газраас уу гэдэг нь цаг хугацааны асуудал.
Тавдугаар сар гарахтай зэрэгцэн төмөр замын бүтээн байгуулалт хэрхэн өрнөх асуудлыг ч хөндөж таарна. Энэ үед “Болдтөмөр ерөө гол” болон “Дорнын говь”-ийн хамтран байгуулсан “Дорнын төмөр зам” компанийн хийсэн бүтээн байгуулалтын зардал болох 100 сая ам.долларын асуудал дахин сөхөгдөх магадлал өндөр. Улсдаа 100 сая төгрөг хандивлаж болох ч 100 сая ам.долларыг зүгээр салхинд хийсгэх ухаан ямар ч бизнесмэнээс гарахгүй нь тодорхой.
Тэр дундаа уул уурхайн салбарт 24 жилийн турш үйл ажиллагаа явуулсан эрхэм энэ зэргийн эрсдэлтэй алхам хийхгүй. “Дорнын төмөр зам” компани нь “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг чиглэлд шинээр барих 503.919 км урттай гол замтай, 1520 мм царигтай төмөр замын суурь бүтцийг концессын гэрээний дагуу барих ашиглах шилжүүлэх төслийг 20 жилийн нөхцөлтэйгээр авч өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн ч ажил нь зогссоноор өнөөдрийг хүрч байгаа юм. Төслийн хүрээнд Монгол Улсын “Төмөр замын тухай” хуулийн дагуу нэгдүгээр зэрэглэлийн, компьютерийн удирдлагатай, шилэн кабелиар хоорондоо цаашид бүрэн автомат хориглолд шилжих бололцоотой хагас автомат хориглол, мэдээллийн нэгдсэн сүлжээ, камерын хяналт бүхий төмөр зам байхаар тусгасан байдаг. Ингэхдээ гол замын трасс нь 503,919 км урттай, энэ дагуу нийт 24 өртөө зөрлөг байрлаж, өртөө зөрлөгийн замуудын урт 64,11 км уг төмөр замаар жилдээ 48 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай хэмээн тооцож байсан юм.
С.Гандөл
Сэтгэгдэл (6)