2017 оны долдугаар сарын 8-ны өдөр. Энэ өдөр Х.Баттулга ялалт байгуулсан буюу нэг үгээр хэлбэл “Монгол ялсан” өдөр юм.
Үүнээс хойш Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хагас нь өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол ялсан уу, эсвэл гэдгийг энгийн жишээнээс харъя.
Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа буюу долдугаар сарын 24-ний өдөр улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргасан байдаг.
Ингэхдээ 49 хоногийн хугацаа өгч оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банканд оруулж ирэхийг үүрэгдсэн юм. Олон улсын валютын сан болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас дэлхийн нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай талаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээллэсэн.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хугацаа зааж, оффшор дансаа Монголд оруулж ирэх үүрэг өгснөөс хойш төрийн өндөр албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хөрөнгөө оруулж иржээ. Тэрбээр “Би 24 жил бизнес хийхдээ эх орондоо 700 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Бизнес эрхлэхэд гаднаас хөрөнгө оруулалт татах зайлшгүй шаардлага гардаг. Үүний тулд оффшор бүсэд данс нээж, компани байгуулдаг олон улсын жишиг бий. Энэ жишгийн дагуу 2007 онд оффшор бүсэд мөнгө босгож, уг мөнгийг оруулж ирсэн. Энэ хөрөнгө оруулалтаар 115 км дэлгэмэл урттай төмөр зам, 100 гаруй км өндөр хүчдэлийн цахилгааны шугам, 3000 вагон, 12 зүтгүүр худалдан авч, уурхайн тосгон босгосон, орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил хийсэн” гэж тайлбарласан байдаг. Мөн АТГ-аас Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд нийтэд зарласан оффшор бүсээс “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан, түүний охин компани “НИК” ХХК-ийн ерөнхий захирал асан, “Петровис” группийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням оффшор бүсэд байршуулсан 4.3 сая ам.доллараа Монголд оруулж ирсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, бизнесмэн Ч.Давааням нараас бусад нь ил болон далд хэлбэрээр хөрөнгөжсөн мөнгөө хэзээ оффшор бүсээс оруулж ирэх вэ.
Хэрэв зээ, улс төрийн болоод улстөрчдийн бохир тоглоомноос болж өнөөх алдарт оффшор бүс ийнхүү мартагдаж буй бол Ерөнхийлөгч Х.Баттулгын сүржин уриатай даржин тэмцэл ийнхүү өндөрлөлөө гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.
Эргэн сануулахад оффшор бүсэд данстай хүмүүсийг “Загалмайлсан эцэг” гэгдэх Ерөнхий сайд асан С.Баяраас эхлээд Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд, Ерөнхий сайд асан С.Баярын том охин Б.Нандин, бага охин Б.Хонгор, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн гэх мэтчилэн ураг садны төрлүүдээр үргэлжилдэг. Мөн Сангийн сайд асан Я.Очирсүх, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор бүсэд данстай болох нь нийтэд ил болсон зүйл.
Тэгвэл дэлхийн зарим улс орнууд төрийн өндөр албан тушаалтнуудын нууц хөрөнгөө зувчуулдаг байдлыг таслан зогсоож, илчлэхээр хатуу тэмцэж байна.
Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын байдлаар Панамын баримт бичгүүдтэй 16 улс санхүүгийн системээ шинэчилсэн байна.
Тэгвэл манай улс хууль санаачлах, батлах төдийхнөөр эл хэргийг олны анхаарлаас холдуулчихна гэж тооцоолсон бол санасаны гарз гэдгийг энд хэлчихье. Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг хуулиудын олонх нь цаасан дээр хараар бичигдсэн баримт төдийнхөөр амьтай голтой мөрдөгддөгийг иргэд мэднэ. Тэр бүү хэл, төрийн эрх баригчид хуулийг хамгийн ихээр зөрчдөг болохыг тэд өөрсдөө ч, албаны хүмүүс ч хэлдэг. Тиймээс УИХ-ын гишүүдээс эхлээд Ерөнхий сайд, Сангийн сайд асангуудын хөрөнгө хаана байна вэ. Эндээс л Х.Баттулга Ерөнхийлөгч өө, үнэхээр Монгол ялж чадав уу. Оффшор бүсээс хэдэн төгрөг Монголд орж ирсэн бэ гэдгийг зарлах цаг болсон юм биш үү гэдгийг асууя.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)