“Трансперенси Интернэшнл” ТББ-аас Ази, Номхон далайн бүсийн орнуудын авлигатай тэмцэх газруудыг бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын хөндлөнгийн үнэнлгээг хийж, зөвлөмж гаргажээ.
Тодруулбал, тус үнэлгээг хийхдээ 50 шалгуур үзүүлэлтээр үнэлжээ. Уг үзүүлэлтүүдээс гарсан дүнг өндөр, дунд, бага гэж ангилсан байна. Манай улсын Авлигатай тэмцэх газрын хувьд 23 үзүүлэлт өндөр үнэлгээтэй гарчээ. Харин 22 үзүүлэлт дунд, 5 үзүүлэлт бага үнэлгээ авчээ. Мөн тус газрын өөрийн үйл ажиллагаанаас хамааралтай 33 үзүүлэлтээс 17 нь өндөр, 16 нь дунд үнэлгээ авсан байна. Өөрийн үйл ажиллагаанаас хамааралгүй үлдсэн 17 үзүүлэлтээс 6 нь өндөр буюу хараат бус байдал нь хуульд сайн тусгагдсан, 6 нь дунд, 5 нь бага үнэлгээ авсан аж. Бага үнэлгээ авсан 5 үзүүлэлт нь Авлигатай тэмцэх газрын өөрийн үйл ажиллагаанаас үл хамаарч байгаа бөгөөд хөндлөнгийн нөлөөлөлтэй гэсэн үг юм байна.
Үүнээс үзэхэд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа гүйцэтгэл 77 хувьтай гарчээ. Олон улсад энэ байгуллагын үйл ажиллагааны гүйцэтгэл бүс нутгийн хэмжээнд 63 хувь буюу түүнээс дээш байвал сайнд тооцогддог бөгөөд хөндлөнгийн нөлөөлөл 40-өөс дээш хувьтай байвал маш эрсдэлтэй гэж тооцогддог байна. Харин манай улсын хувьд авлигатай тэмцэх байгууллагын хөндлөнгийн нөлөөлөл 59 хувьтай байна гэж үнэлэгджээ.
Мөн авлигатай тэмцэх газрын хараат бус байдлыг есөн үзүүлэлтээр авч үзэхэд зургаа нь өндөр түвшинд үнэлэгджээ. Гэхдээ өндөр гэж үнэлэгдсэн үзүүлэлтэд цаашид сайжруулах ёстой асуудал бий гэв. Тухайлбал, бие даасан байдал, эрх мэдэл, хэм хэмжээ, хараат бус байдлыг тодорхойлсон тодорхойлолтууд өндөр үзүүлэлттэй гасан бол үйл ажиллагааны хараат бус байдал буюу ялангуяа улс төрийн нөлөөлөл орох магадлалаар дунд түвшинд үнэлэгдсэн байна.
Дээрх үнэлгээг нээлттэй байгаа эх сурвалжийн баримтад тулгуурлахаас гадна хөндлөнгийн мэдээллээр баталгаажуулж, дүн шинжилгээ хийж гаргажээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)