“Хүүхдийн паркийн тоглоомууд чийхарч, чичирхийлж байна” гэсэн түгшүүрт мэдээгээр энэ долоо хоног эхэлсэн юм.
Тодруулбал, үйл ажиллагаа нээгээд удаагүй байгаа Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоом чийхарч байгаа талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим хуудсаар хөвөрсөн. Уг үйл явдлын мөрөөр сурвалжлахад өнгөрсөн оны нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар зарим тоглоомын тоглоомын резинэн хамгаалалт урагдаж, сэмрэн, ган татлага нь зэвэрсэн байжээ. Ямартай ч нээгдээд удаагүй байгаа “хүүхдийн парк”-ийн тоглоом элдэв чимээ гаргаж эхэлснээс нь харахад хүүхдээ тоглуулахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан хэрэг биз ээ. Эргэн сануулахад, өнгөрсөн 2018 онд тус тоглоомын газарт гарсан осол дахин гарахгүй гэхийн баталгаа үгүй билээ.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн монгол хэл, бичгийн улсын шагалтад хангалтгүй оноо авсан сурагчид дөрөвдүгээр сарын 20-ны давтан шалгалтдаа орсон билээ. Харамсалтай нь давтан шалгалтад 3500 сурагч орсноос 1000 орчим нь тэнцээгүй байна. Тэнцээгүй сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтдаа өгөх ч энэ жил их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болж буй. Энэ оноос монгол хэл, бичгийн шалгалт босго оноотой болсноос үүдэн сурагчид ихээхэн мэрийдэг болсон талаар БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ хэлсэн нь бий. Түүний хэлснээр сурагчид өмнө нь уг шалгалтын үеэр унтах, хайхрамжгүй хандах явдал их байсан аж. Ямартай ч энэ жилийн хувьд сурагчдын хичээл зүтгэл сайжирч байгаа гэх. Гэвч эх хэлний суурь мэдлэг тааруу сурагч жил бүр мянгаар тоологдон төгсөж байгаа нь харамсалтай.
Дээрх үйл явдалтай зэрэгцэн Ялалтын баярын 74 жилийн ой сүр жавхлантай болж өнгөрлөө. Манай улсаас Москвагийн Улаан талбайд болсон тоглолтод Э.Энгүүнбат "Болор од" хүүхдийн найрал дууны улсын уралдааны ялагч болох "Бадмаараг" хамтлагийн найрал дуучидтай хамт уригдан ая дуугаа өргөсөн юм. Улаан талбайд болсон энэ удаагийн ойн баярт БНХАУ-ын Ерөнхийлөгч болон дэлхийн олон улсын Ерөнхийлөгчид уригджээ. Мөн уг ойн баярт зориулан зохион байгуулсан “Нэгдмэл Орос”, “Ялалтын цээж бичиг” арга хэмжээнд ОХУ болон дэлхийн 23 улсын 100 мянга орчим хүн оролцсон байна. Манай улсын хувьд ч уг баярыг угтан чамгүй тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тухайлбал, Батлан хамгаалах яамнаас ''Мөнхөд дурсагдах дайчид'' явган жагсаал зохион байгуулж, Г.К.Жуковын дурсгалд хүндэтгэл үзүүлсэн билээ.
Мөн “Shigella spp” нянгаар олон иргэдийг хордуулсан “KFC”-ийн салбар хоолны газар Ази, Номхон далайн бүсийн шилдгээр тодроод амжив.
Энэ бүсэд “вирус тараагч-“аас өөр хоолны газар олдоогүй мэт. Бүс нутгийн томоохон шагнал энэ мэт явуургүй газруудад дахин бүү очоосой гэж дайя.
Ингээд ТОСК түрээсийн орон сууцаа өмчлүүлдэг болж, 100 орчим удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд туслах аян өрнүүлсэн долоо хоног болж өнгөрлөө.
Б.Лхам