Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлаас “Оюутолгой”-н гэрээг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио тинто”-д хэн өгсөн бэ гэдэг сэдэв хамгийн халуун нь байв.
Учрыг тодруулбал, “Оюутолгой"-н гэрээг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тнрбишдагва ахлаж, ажлын хэсгээс гаргасан дэлгэрэнгүй дүгнэлтийг ҮАБЗ-ийн гишүүд харин Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд хураангуй дүгнэлтийг өгчээ. Гэтэл замын голоос уг дүгнэлт "Рио Тинто"-гийн гарт орчихож. Улмаар тус компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлтийг өгч танилцуулсанд баярласнаа илэрхийлснээр уг хэрэг илэрсэн юм. Гэвч хэн энэ дүгнэлтийг өгсөн нь одоогоор тодорхой болоогүй байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хувьд Д.Дамба-Очир гишүүнийг "хардаж" буй. Тэрбээр энэ талаар “Ажлын хэсгийн дүгнэлт өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард бэлэн болсон. Байнгын хорооны даргад “Энэ асуудлыг хэлэлцэж өгөөч” гэж бичгээр санал болгосон ч хэлэлцээгүй. Өнгөрсөн хугацаанд УИХ хэдэн удаа чуулсныг иргэд мэднэ. Ажлын хэсэг хуралдах гэхээр огт ирц хүрэхгүй байсан. Ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг гишүүдийн туслахуудаар дамжуулж өгсөн. Ингэхдээ “Та нар санал нэг байвал гарын үсэг зур” гэсэн. Ингээд 12 гишүүний найм нь гарын үсэг зурсан. УИХ-д үүнийг танилцуулж, өгсөн. Эдийн засгийн байнгын хороогоор ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх ёстой байсан. Дүгнэлтийн хоёр хэсэг нь нууц, нэг нь ил. Аудит, АТГ-ын нууц дүгнэлтийг хүлээлгэж өгсөн байна лээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир энэ дүгнэлтийг Оюутолгойд өгсөн гэж ахлах зөвлөх Мөнхбаяр нь хэлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хороо хуралдахаас өмнө хэлэлцэх гэж байгаа асуудлыг нь тухайн байгууллага танилцаад судална гэдэг бол байж болохгүй зүйл. Би ажлын хэсгийн дүгнэлтийг ҮАБЗ-ийн гишүүд болон УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн гишүүдэд дүгнэлт өгсөн. Намайг хэтэрхий чанга шалгасан гэж гаднаас буруутгах гэж үзэж байна. Оюутолгойгоос шахах гэж үзсэн. Буруутай этгээд нь хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн юм.
Харин Д.Дамба-Очир гишүүн "Бэлтгэл ажил хангагдсан. Бүх гишүүдэд тараасан байгаа. Нууц материалаас бусдыг нь байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. “Оюутолгой” компаниас албан ёсоор хүсэлт тавьсан. Тэр дагуу бид 43 хуудас материал хүргүүлсэн юм. Тэр нь нууцлалтай материал биш. Би хулгайгаар аваачаад өгчихсөн зүйл байхгүй. Ирэх долоо хоногт хэлэлцээд явахад ямар ч асуудал байхгүй” гэдгийг хэлсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын гарын үсэг бүхий албан бичиг олон нийтэд ил болоод уг. Уг бичигт Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг "Рио Тинто" компанид хүргүүлж буйг дурдснаас үзвэл Д.Дамба-Очир гишүүн эх орноосоо урваж, гаднын компанид үйлчилсэн болж таарах гээд байна. Тиймээс уг хэрэг цаашид хэрхэн шийдэгдэх нь УИХ болоод хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанаас хамаарна биз ээ.
Ц.Цолмонг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлж, Л.Өлзийсайханыг томиллоо
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм. Иймд Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлж, улмаар УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс нэр дэвшүүлсэн Л.Өлзийсайханыг Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм. Уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Ц.Цолмон дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчээ. Миний хувьд төрийн алба мэргэшсэн хүн байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байдаг. Сүүлийн 10, 20 гаруй жилийн хугацаанд Ардын нам гэлтгүй, Ардчилсан нам Монгол төрийг хүчгүйдүүлэх юм хийж ирсэн байна. Үүнд цэг тавих ёстой. Томилгоо нь нүдээ олсон байгаасай. Монгол төр ой санамж, хар хайрцагны бодлого гэж байх хэрэгтэй. Ц.Цолмон дарга бол 2000 оноос хойш хууль зүйн салбарт ажилласан, туршлагатай хүн. Хэд хэдэн хуулийн төсөл дээр хамтран ажиллаж байсан. Цаашдаа өөрийн мэргэшсэн боловсон хүчнээ ашиглаж, залгамж чанараа хадгалах хэрэгтэй байх. Том бодлогоороо авч хэлэхэд Монгол төрийн бодлого залгамж халаа гэж байх ёстой шүү. 200 гаруй бодлого гаргасан байна лээ. Үр дүн нь хомс. Тиймээс энэ асуудлаар идэвхтэй ажиллах хэрэгтэй байна” гэсэн бол Ц.Нямдорж сайд “Л.Өлзийсайхан даргад амжилт хүсч байна. 76 гишүүний арга эвийг олох хэцүү дээ. Анх удаа Тамгын газрын даргаар эмэгтэй хүн томилогдож байна. Гишүүд гэхээсээ хэтэрхий дураараа аашилж байгаа байдлыг цаашид халаарай. Ц.Цолмонгийн тухайд хэлье. 1998, 1999 оны үед Улсын шалгалт авах комиссын бүрэлдэхүүнд би орсон юм. Тэгэхэд шалгалт өгсөн оюутнууд дундаас тодорч үлдсэн нь Ц.Цолмон байсан. Сүүлд 2000 онд сайд болчхоод хайж, сурагласаар хажуудаа авч, бэлтгэсэн хүн. Дундуур нь мастер хамгаалж, хэлний болон тухайн улсын хуулийг судалсан хүн. Ийм боловсон хүчнийг Монголын төр ашиглах ёстой. Хувийн ашиг сонирхолд автдаггүй хүн. Норвегийн парламентийн ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж байлаа. 30 жил тухайн ажлаа хийсэн. Парламентынхаа “гал тогоо”-г ингэж авч явдаг юм байна.
Эцэст нь хэлэхэд өөр албан тушаалд томилно гэж амласан юм байгаа биз. Тэрийгээ хурдан хийж өгөөрэй.
Яалт ч үгүй Монголын төрд бэлтгэгдсэн цөөхөн хүний нэг Ц.Цолмон мөн шүү. Миний хажууд 30 шахам жил ажиллахдаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагүй юм шүү. Залуу хүмүүс ямар нэгэн асуудалд орооцолдчих гээд байдаг. Ц.Цолмонд тийм юм байхгүй. Ийм боловсон хүчнээ дэмжих ёстой шүү” гэдгийг захиж байсан юм.
Үүнээс гадна энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар Улсын Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо. Тодруулбал, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. Үүнээс үүдэж дараагийн Ерөнхий аудиторыг томилох шаардлага үүсэн юм. Иймд Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбатыг томилох саналыг УИХ-ын дарга гаргаснаар УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж, пүрэв гарагт томилсон юм.
Энэ хоногийн нэг онцлох сэдэв нь хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал байв. Аль ч төр, засгийн үед хүний эрхийн асуудал номер нэгт тавигддаг. Тэгвэл энэ долоо хоногт хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандууллаа. Ингэж хэлж байгаагын шалтгаан нь хэдий цаг мөнхөд л хүний эрхийн асуудлаар ярьдаг ч энэ долоо хоногт хүний эрх, хүүхдийн хүчирхийлэлд чиглэсэн олон ажил өрнөж, үр дүнтэй гарц гаргалгааг хийсэн юм.
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн зөвлөх Г.Уянгыг Малайзад хэрцгийгээр алуулсан Ш. Алтантуяа бүсгүйн шүүх хуралд оролцохыг даалгав. Уг хэрэг нь одоогоос 15 жилийн Малайз Улсад үйлдэгдсэн юм. Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг Малайзад ажил хэргийн шугмаар очих үеэр түүний биед дэлбэрэх бөмбөг холбож хэрцгийгээр амийг нь хөнөөсөн. Тэгвэл уг хэргийг шүүх хурал энэ сарын 6-ны өдөр Куала Лумпурт болсон бөгөөд шүүх хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга, бусдын гарт амиа алдсан бүсгүйн аав С.Шаарийбуу нар оролцсон. Одоогоор шүүх хурлын үр дүнг мэдээлээгүй байна.
Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор ерөнхий боловсролын 133 дугаар сургууль, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Ингэхдээ тэрбээр хэд хэдэн үүрэг, чиглэл өгч хэрэгжүүлэхийг даалгасан юм.
Тухайлбал, 133 дугаар сургууль 2017 онд шинээр байгуулагдсан, 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхрын 15 танхимд гурван ээлжээр хичээллэж байсан юм.
Иймд тус сургуулийн барилгын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх үүрэг өглөө. Мөн өдөр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн санаачилгаар Намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд хүүхдийн бэлгийн болоод бие махбодийн хүчирхийллийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийсэн юм. Уулзалтад оролцсон гишүүд олон санал, гарц гаргалгааг хэллээ. Тухайлбал, “Одонтой ээжүүдийн холбоо” ТББ-ын гишүүн Оюунгэрэл “Гэр бүлийн боловсролыг анхаарах цаг болжээ. Хүн болох багаасаа гэдэг шүү дээ. Уг нь ерөнхий боловсролын сургуулиудад “Иргэний боловсрол” гэдэг хичээл гэж ордог юм байна. Гэхдээ уг хичээлд төдийлөн ач холбогдол өгөлгүй ангийн ажил бусад зүйлийг яриад л өнгөрдөг байна. Тиймээс боловсролын асуудлыг сайжруулах хэрэгтэй” гэсэн бол Монгоын хүний төлөө намын гишүүн Н.Янжмаа “Гэмт хэргийг гарсан хойно нь бус гарахаас өмнө урьдчилан сэргийлэх ёстой. Бид хувь хүний хөгжлийн асуудлыг үнэхээр орхигдуулж яваад байгаа юм байна. Яагаад хүчирхийлэл газар аваад байна гэхээр ерөөсөө л ядуурлаас үүдэлтэй байна” гэдгийг ч хэлсэн юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)