УИХ-ын байнгын, дэд, түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товлогджээ. Үүнд,
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотод зохион байгуулагдах Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн парламентын II чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын мэдээллийг сонсоно.
Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд холбогдох албан тушаалтан, иргэдтэй уулзалт зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлогдсон байна.
Р.Хишигээ