УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуулийн цэцэд асуулга тавьж буй талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Асуулгад "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй", 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж тус тус заасан.
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 30.000 гаруй иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй болоод удаж байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалт, 6.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт холбогдсон нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, УИХ-ын нэр хүндийг унагаж, олон нийтийн дургүйцлийг хүргэж, хууль тогтоох байгууллагын нэр хүндийг унагасан үйлдэл болсон нь чөлөөлөгдөх том шалтгаан болсон юм. Улмаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчдын эрх ашгийг хангах үүднээс Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 1,2 дахь заалтаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг мен оны 10 дугаар сарын 7-ны өдрөөр тогтоогоод байсныг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн үзэж мэдээлэл гаргасан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргаж нөхөн сонгууль явах боломжгүй болсон билээ.
Уг Үндсэн хуулийн зөрчилтэй асуудлыг Улсын Их Хурал засч, нөхөн сонгууль дахин зарлаж 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр явагдахаар байсан. Гэвч нэр бүхий иргэд Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг гаргаад байгаа нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан маш тодорхой зүйл, заалт. шалтгааны улмаас өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгын асуудлыг улс төржүүлж байгааг буруу гэж үзэж байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад одоо болтол төлөөлөлгүй байгааг анхаарч, нэр бүхий иргэдийн гаргасан мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хууль дээдлэх зарчмыг баримтлан шударга шийдвэрлэхийг сануулж байна" гэжээ.
Р.Хишигээ