Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд сүрьеэ өвчний халдвар гарсан нь анхаарал хандуулах сэдэв болж байна. Ирэх өдрүүдийн гол “бай”, ам асуух хүмүүс нь ч салбар хариуцсан сайд нар байх нь тодорхой. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хэлснээр “Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа ч нэлээн хүнд явцтай байгаа. Ялангуяа эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-д тавиад байгаа мэдээллийг надад өгсөн. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан байна” гэв.
Юу гэсэн үг вэ!?. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10, 20-иороо хоолны хордлогод орсон тухай мэдээлэл мэр сэр гарч байсныг эс тооцвол бүхэл бүтэн нэг ангитай тэнцэх хэмжээний хүүхдүүд, багшийнхаа хамт сүрьеэгийн халдвар тусна гэж байх уу.
Тийм бол Монголын эрүүл мэнд, боловсролын салбар туйлдаа хүртлээ доройтсныг харуулж байна. Бүр эмгэнэл биш гэж үү. Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн салбарын яам, холбогдох албан тушаалтнуудын ажлын болон тодорхой хэмжээний төсөв, хөрөнгө зарж ирсэн нь ингэж үнэгүйдэж байгаа хэрэг үү.
Илэрсэн нь 38 хүүхэд болохоос 500 сурагчтай сургуулиас дахин илрэхгүй гэсэн баталгаа байхгүй юм. Ялангуяа уушгинд үрэвслийн голомт үүсгэж, амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчний хувьд.
Үүнд хэн буруутай вэ. Сурагчдынхаа эрүүл мэндэд тэр бүр тандалт хийгээгүй, нэгдсэн журмаар эмчийн үзлэгт оруулаагүйгээрээ сургуулийн захиргаа буруутай. Тэдгээр асуудалд хяналт тавьж ажиллах учиртай салбарын яамны ч буруу. Хамгийн хамаатай нь төрийн бодлого тодорхойлох үүрэгтэй мөртлөө тулга тойрсон хэрүүл хийж суудаг улстөрчид, УИХ-ын гишүүд. Эрүүл мэндийн хичээлийн үндсэн гол зорилго нь буруу дадал хэвшил зан үйлийг өөрчлөхөд оршдог атал хичээлийн хөтөлбөрөөс хасч явсан улс шүү дээ, бид.
Ер нь улстөрчид өнгөрсөн хугацаанд хүн амаа тэр тусмаа хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсөхөд чиглэсэн, жин дарахуйц ямар ажлыг хийсэн бэ. Гарын арван хуруунд ч багтахгүй цөөн болов уу. Уг нь ерөнхий боловсролын сургууль түүний орчин гэдэг хүүхдэд учирч болох эрсдэлээс хамгаалдаг, сурган хүмүүжүүлдэг газар.
Гэвч 15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцэн өглөө бүр хүүхдээ сургуульд хүргэж өгдөг эцэг, эхчүүдийн тоо хэд болж цөөрөхийг хэлж мэдэхгүй.
Сүрьеэгийн халдвар тархсан нь 15 дугаар сургууль болохоос улсын хэмжээнд 803 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуульд нийт 593.2 мянган сурагч сурч буй. Тиймээс зөвхөн 15 дугаар сургуульд гэлтгүй бүх улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сүрьеэгийн шинжилгээ хийе. Өвлийн утаа, хаврын тоосжилт бидний ирээдүй хойч болсон бяцхан үрсийн маань уушгинд үзүүлж ирсэн сөрөг нөлөө нь үүгээр ч илэрч байж мэдэх. Гарсан асуудлыг гал унтраагаад өнгөрөөх биш дахин газар авахгүй болтол шийдэх нь чухал. Энэ төрийн хийх ажил, үүрэг нь ч тэр. Тэгэхгүйгээр хөл хорио тогтоож, хэсэг хүнээс шинжилгээ авснаар асуудлыг лав шийдэхгүй ээ. Улс төрөө хойш тавьж уушги, цээжээ хамгаалъя, улстөрчдөө!
С.Сүлд
Сэтгэгдэл (3)