Ховд аймгийн Зэвсэгт хүчний 0123 дугаар ангид алба хаахаар энэ сарын 1-нд цэрэгт татагдан очсон залуу дунд чөмөгний яс хугарсан гэдэг оноштойгоор Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орлоо.
18 настай залуу цэргийн албанд татагдан очсноос хойш хэдхэн хоногийн дараа яагаад ийм хүнд гэмтэл авсан нь талаар ТВ4 телевиз өчигдөр мэдээллэсэн юм.
Энэ талаар хүүгийн ар гэрийнхэн нь “Тавдугаар сарын 1-нд цэргийн комиссоор ороод эх орноо хамгаалахаар явсан хүү маань гаднын нөлөөгүй гэдэг тайлбартайгаар дунд чөмөг нь хугарч яаралтай хагалгаанд орох гэж байна. Ховд аймгийн цэргийн ангиас онгоцоор 05.32 минутад ирлээ. Ангийн дарга, салаан дарга нь байна. Тэд гаднын нөлөөгүй гэж хэлсэн. Гүйж яваад асфальтан замд дээр унаж дунд чөмөг нь хугарсан гэж хэллээ. Одоогоор биеийн байдал нь тааруухан байна” гэлээ.
Мөн “Ямар учраас цэрэгт явсан хүүхдүүд гаднын нөлөөгүй нас барж, гэмтэж байдаг юм. Одоо цэргүүдээр төмөр зам тавиулна гэж ярьж байна. Ийм байхад цэргүүдээр зам тавиулах шаардлага байна уу. Би их гомдолтой байна. 18 настай цэл залуухан хүүхдээ эх орноо хамгаал гэж явуулаад дунд чөмөг нь хугарахаар барахгүй хамаг яс нь зөрсөн” гэлээ.
Эргэн сануулахад, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ. Энэ хэргийг албаныхан гадны нөлөөгүй хэмээн дүгнэсэн юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (4)