Япон Улсад суралцаж, ажилладаг монголчуудын сургууль, ажлынхаа завсар зайгаар сайн дурын ажил хийж, хоол хийж зарсан орлогоороо хандивын аян өрнүүлэх зорилгоор “Халуун сэтгэл in Japan” төрийн бус байгууллагыг байгуулсан байна. Нийт гишүүдийн 90 хувь нь оюутан залуусаас бүрдсэн тус төрийн бус байгууллагын хамт олон нийслэлийн "Өргөө", "Хүрээ", "Амгалан" амаржих газар болон ЭХЭМҮТ, Багануур болон Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нийт таван сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хандивлалаа.
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг хандивын хүрээнд өмнө нь нийт 11 сая төгрөгний үнэ бүхий нярайн судас тодруулагч аппарат, тариурын зүү устгагч аппарат зэргийг нийслэлийн есөн дүүрэг 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, нарийн мэргэжлийн нийт 42 эмнэлэгт хандив өгч байжээ.
Энэ үеэр "Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл чийрэг өсч торниж, иргэд нь эрүүл, өөрийн гараар сайхан амьдралыг цогцлоон бүтээж байгаасай гэж хүссэндээ энэ төслийг санаачилсан. Цаашид ч гэсэн олон жилийн турш үргэлжлүүлэн хийсээр байхыг хүсдэг" гэдгээ илэрхийлсэн юм.
Г.Эрдэнэ