Монгол Япон хоёр орны засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Японы Үндэсний технологийн коллеж болон инженер, технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг “ТӨСЛИЙН СОРИЛ”-д бүртгэж байгаа юм.
Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1000 хүнийг инженерийн чиглэлээр сургах төлөвлөгөөтэй уг төсөл нь 2014 оноос эхлэн 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жил Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт сүүлийн элсэлтээ авч байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн ерөнхий боловсролын сургууль төгсөгч, 22 хүртэлх настай Монгол Улсын иргэн уг сорилд хамрагдах боломжтой бөгөөд шаардлага хангасан тохиолдолд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хөтөлбөрүүдэд хамрагдан суралцах юм.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн сорил энэ сарын 19 буюу ням гарагт 14.00 цагт ШУТИС-ийн хичээлийн II байранд зохион байгуулагдана.
Сонирхсон иргэд энэ сарын 18-ны өдрийн 18.00 цаг хүртэл www.elselt.edu.mn/mjeed сайтаар бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг бөгөөд Улаанбаатар хотод сорил өгөх иргэд бүртгэлийн хураамжийг Голомт банкны 811-510-1742 тоот дансанд тушаана.