АТГ-аас тавдугаар сард хийсэн ажлын тайлангаа танилцуулж мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-Төрийн яамны сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон асуудал гарсан. Уг асуудлаар шалгалт хийж байгаа юу?
-Энэ талаар АТГ-т өргөдөл гомдол өгөөгүй тул шалгагдаж байгаа зүйл байхгүй.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хил давсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Нийгэмд бухимдал, хүлээлт үүсгэсэн, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй эргүүгийн хэргүүд хуульд заасан журмын дагуу прокурорын хяналт дор шалгагдаж байгаа.
-Мэргэжлийн хяналтын холбогдох албан тушаалтнуудын авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хуулийн гадна өнгөрч байна. Үүний шалтгааныг тайлбарлаж өгнө үү. Хугацаа нь яг хэзээ дууссан юм бэ?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ хүрээнд бид тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд албан тушаалтнууд асуудалд үзэмжээрээ хандах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байснаас үүдэн бусдыг хясан боогдуулж авлига авсан асуудал гарсан. Тиймээс уг асуудлыг ил тод, нээлттэй, холбогдох журмын дагуу явуулах зөвлөмж хүргүүлсэн.
-АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой асуудлаар тайлбар хийж байсан. Өнгөрсөн долоо хоногт сангийн шинэчилсэн журмыг баталлаа. Тэгэхээр та бүхний тавьж буй шаардлагад энэ журам нийцэж чадаж байна уу?
-Өмнөх зохицуулж байсан журмаас ахиц гарсан гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн зээлийг ямар үндэслэлээр сонгон шалгаруулах журам тодорхойгүй байсан бол үүнийг шийдсэн. Мөн улс төрд өндөр албан тушаал хашиж байгаа этгээдүүд тухайн сангаас зээл авах нөхцөлийг хязгаарласан зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх заалтууд орсон байна.
-Нийцэж чадаагүй заалтаас нь жишээ татвал?
-Хүний хүсэл хязгааргүйтэй адил бидний хувьд тавьж болох хамгийн дээд хэмжэний шаардлагыг тавина шүү дээ. Гэхдээ хэт нарийн зохицуулчихвал эрсдэл гарах боломж бололцоо бий. Зарим талаараа иргэний эрхийг хязгаарласан заалт орох бололцоо бүрдүүлчих учраас энэ талыг зохицуулсан зүйл бий.
-АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн судалгаа байна уу?
-АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусвал тухайн хэрэг дээр мөрдөн байцаах ажиллагаа явуулах үндэслэлгүй болно шүү дээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)