2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Монгол маамуу” хувийн цэцэрлэгийн багш нэг ой арван сартай охиныг халуун усанд суулган орхиж, явсаны улмаас охин маш хүнд түлэгдсэн хэрэг гарсан билээ. Бойлуураас гойжих халуун буцалсан усанд 15 минут сууж түлэгдсэн охин гурван сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн байдаг. Уг хэргийн дараагаар охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Үүний дагуу тус цэцэрлэгийн багш, эрхлэгч хоёрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Тэгвэл ажлын хариуцлагагүй байдлаасаа болж бага насны хүүхдийг түлэгдэхэд хүргэсэн багш Д.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан “ хэрэг үүсгэсэн байна. Энэ дагуу шүүх хуралдаан энэ сарын 5-ний өдрийн 11.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.
Ташрамд дурдахад, “Монгол маамуу” цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар ажлын хэсэг тус цэцэрлэгт хяналт шалгалт хийсэн байдаг.
Шалгалтаар тус цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн, боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2019 оны А/17 дугаар захирамжаар “Монгол маамуу” цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм.
Г.Нацаг