Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат, Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд түүний төрсөн нутагт болж байна. Энэ барилдаанд допинг хэрэглэж, барилдах эрхээ өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард хоёр жилээр хасуулсан улсын начин Эрдэнэбатын Даш барилдаж байна.
Тэрбээр 2017 оны Сар шинийн барилдааны үеэр допинг хэрэглэсэн болох нь шинжилгээгээр батлагдсан юм. Улмаар Монголын үндэсний бөхийн холбооноос түүний барилдах эрхийг цуцалсан нь энэ юм. Тодруулбал, “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1-д заасны дагуу улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хассан. Уг журмаар тэрбээр Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд ч барилдах эрхгүй.
Тэгвэл Э.Дашаас гадна улсын заан Б.Пүрэвсайхан болон улсын гарьд Ө.Бат-Орших нар допинг хэрэглэсэн үндэслэлээр барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан байсан юм. Гэтэл улсын заан Б.Пүрэвсайхан Ховд аймагт зохиогдсон барилдаан зодоглосон бол улсын гарьд Ө.Бат-Орших нь “Увс нуур” бөхийн галын 20 жилийн ойн барилдаанд мөн л зодоглосон билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)