УИХ-ын гишүүн Л.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-"Монгол Улс-нэг тойрог" тогтолцоогоор ирэх жилийн сонгуулийг явуулах хуулийн төслийг танай нам санаачилж удахгүй өргөн барина гэж мэдээлсэн. Энэ хуулийн төслийг та дэмжих үү. Учир нь уг тогтолцоо жижиг тойрог болон анхан сонгогдож буй гишүүдийн дэмжигдэх боломжийг хязгаарласан хуулийн төсөл байна гэж хэлэх хүн цөөнгүй байна?
-Хуулийн төслийг удахгүй өргөн барих юм билээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас мажоритар системээр зохион байгуулах нь зөв. Хэрэв Үндсэн хуульд пропорционал тогтолцоотой байж болно гэж тусгавал хуулийнхаа дагуу явах байх. Томсгосон можиратар буюу 26 тойрог юм уу эсвэл "Монгол улс-нэг тойрог” гэсэн санал орж ирж байгаа юм. “Монгол Улс-Нэг тойрог” нь хэд хэдэн давуу талтай. Миний хувьд энэ тогтолцоог одоогоор дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлэх боломжгүй.
Улсын төсөв хөгжлийн гол асуудалдаа биш 76 тойрогт хуваагдаад байгааг зогсоох боломжийг нээнэ. Улсын төсөв жижиг тойргуудын асуудалд зарцуулагдах бус нэгдсэн бодлогоор улс орны хөгжилд зайлшгүй хэрэгцээтэй ажилд зарцуулагдах боломжтой болох юм. Мөн хувьчилж авах системийг халж, мөнгөтэй хүмүүс жижиг тойргийг худалдаж авдаг асуудлыг таслах давуу талтай гэж харж байна.
Сөрөг талыг нь дурдвал, шинээр байгуулагдсан намуудад эрсдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Сонгогчдоос авсан саналаараа эрэмблэгдээд эхний 76-д орсон хүмүүс л УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болно гэсэн үг шүү дээ. Шүүлтүүрийн хувьд энэ систем нь зөв. Гэхдээ сонгогчдод танигдаж амжаагүй шинэ гишүүд, шинэ нэр дэвшигчдэд хүндрэлтэй байх талтай. Тиймээс бид аль аль талыг нь сайн судалж, саналаа илэрхийлэх ёстой. Хуульд нэг сайшаалтай заалт орж ирж байгаа нь УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүр өөрийн өөрийн хуулиар зохицуулсан. Тухайлбал, орон нутгийн сонгуулийг орон нутгийн Сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулна гэсэн үг. Өөр нэг сайн заалт нь эдийн засгийн чадавхиа харж тооцоолоогүй хэт их популизмтай мөрийн хөтөлбөрүүдийг хязгаарласан заалт оруулсан байна. Хэт их бэлэн мөнгө амласан өгсөн мөрийн хөтөлбөрүүдийг хааж өгөх заалт орж ирж байгааг нь дэмжиж байна.
-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгч тавьсан хориг тавьсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хуулийн төсөлд Засгийн газар болон түүний харьяа агентлагийн гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй гэсэн шийдвэр орсон. Захиргааны ерөнхий хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах нэлээд хэдэн кэйс бий. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал. Үйлдвэрийг хууль бусаар авсан. Уг асуудалтай холбогдуулан УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргасан юм. Гэтэл уг тогтоолыг захиргааны хуулиар Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй байсан. Ээдрээтэй томоохон асуудал бий учраас Захиргааны хэргийн шүүхээр оруулахгүй шийдвэрлэх хэдэн зүйл заалт нэмсэн. Анх орж ирсэн санал өргөн цар хүрээтэй байсан учраас тодорхой хэмжээнд хумж оруулсан. Дээрх шалтгааны улмаас энэ хуулийн төслийг би дэмжсэн. Тусгай хууль хүчний байгууллагын томилгоотой холбоотой асуудлуудыг Захиргааны ерөнхий хуулиар хязгаарласан.
-Нүүрстэй холбоотой асуудлаар таныг прокурорын байгууллагад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл гараад байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Тийм. Монгол Улсын гурван сая иргэний өмчилдөг Эрдэнэс тавантолгойн лицензтэй толгойгоос нүүрс алга болсон асуудал яригдсан. Нийт 268 мянган тонн нүүрс алга болсон гэдэг асуудлыг тавьж байсан. Дараа нь Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг 340 мянган тонн гэдгийг тогтоосон юм. Монгол Улсын нэлээд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан байна. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. “Хууль хяналтын байгууллага хэр хэмжээнд шалгаж байна вэ” гэдгээр Ерөнхий сайдад асуулга тавьсан.
Лицензтэй Тавантолгойгоос хэн хулгай хийсэн бэ гэдгийг олох ёстой. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтооно. Алдагдсан болох нь тодорхой болсон учраас тэр шүү дээ.
Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд “Орон нутгийн Тавантолгой, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрөлтэй хэсгээс давж нүүрс олборложээ” гэдгийг анх гаргаж ирсэн. Харин орон нутгийн Тавантолгойн гүйцэтгэх захирал Р.Сэддорж “Давж олборлосон нь үнэн. Бид үүнийг төлнө” гээд гэрээ байгуулсан байдаг. Эргүүлэн төлөх дүнийг өнөөдрийн ханшаар бодвол 60 тэрбум орчим төгрөгийн нүүрс байгаа юм. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өмнөговь аймаг тийм баян юм уу. 60 тэрбум төгрөг өгнө гээд гэрээ байгуулах нь зөв үү, буруу юу. 60 тэрбум төгрөгийг төлөх ордны 51 хувь Өмнөговь аймгийн ард түмэн буюу аймгийн эзэмшилд байдаг. Тиймээс Өмнөговь аймгийн эзэмшлийн тавантолгой түүнийг төлөх субъект мөн үү, биш үү гэдгийг шалгах ёстой байсан. Дорж гэдэг хэн нэгэн нөхрийн хулгай хийсэн юмыг Өмнөговийн ард түмэн төлж болохгүй. Тиймээс буруутай этгээдийг олуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн.
Удахгүй хууль хяналтын байгууллагатай уулзаж, уг асуудлыг хурдан шийдэхийг шахаж шаардана. Энэ асуудал энэ сарын сүүлч гэхэд шийдэгдэх болов уу гэж бодож байна. Монгол Улсын эдийн засгаас энэ мэтчилэнгээр шимэгчлээд байвал яаж эдийн засаг сэргэх вэ. Бид ард түмнийг сайн сайхан амьдруулна гээд хулгайчаар дүүрээд байж болохгүй.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)