Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас тодрууллаа.
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Энэ хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл хэр хангагдсан гэж харж байна вэ?
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль иж бүрэн боллоо. Анх 1997 онд батлагдсан хууль зөвхөн гэмт хэргээс сэргийлэх тухай хууль байсан. Уг хуулийн онцлог нь зөрчил, гэмт хэрэг зөвхөн хууль хяналтын байгууллагынхны ажил байсан бол нийт ард иргэдээ хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулахыг хүсвэл нээлттэй болсон. Тухайлбал, тэтгэвэрт гарсан ахмадууд, багш нар гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх ажилд оролцох боломжтой. Эдгээр нь нэг бүрчилсэн, тусгайлсан, соён гэгээрүүлэх чиглэлийн үйл ажиллагааг түлхүү явуулах юм. Соён гэгээрүүлэх гэдэг гэмт хэргийн тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, зөрчил, хууль тогтоомжийг таниулах ялангуяа, цэцэрлэг, сургууль зэрэг боловсролын байгууллага анхаарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн төсөв санхүүгийн хувьд том алхам хийсэн. Өмнө нь зөрчил, торгуулийн төсөвт цугларч байгаа мөнгөний 40 хүртэлх хувийг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх ажилд зарцуулахад хэрэглэдэг байсан бол уг хуульд 40 хувиас доошгүй болгож оруулсан.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу олон нийтийн байцаагч нар ажиллахаар болж байна. Энэ ажилд хамтран ажиллаж байгаа иргэдээ урамшуулна. Тэдний аюулгүй байдлыг хангах, хамгаалах заалтууд ч тусгагдсан. Хамгийн гол нь гэмт хэрэг, зөрчлийг нийтээрээ урьдчилан сэргийлэх шаардлагатай.
-Нийт хэдэн төгрөгийн төсөв, санхүүжилтийг суулгасан бэ?
-10 орчим тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс ирэх онд 6-8 тэрбум төгрөг төсөвлөгдөхөөр байна.
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг та юу гэж харж байна вэ?
-Хуулийн төслийг уншсан. Үүнд 26 бүс, таван бүс байж болно гэсэн саналууд байсан. Мөн 76 тойрог ч байж болно гэсэн олон сонголт байна лээ. Томосгосон нэг тойрог байна гэдэг энэ тогтолцооны нэг хувилбар. Үүнийг Их Хурлаараа хэлэлцэнэ. Нийгмийн хөгжилд аль нь хамгийн ирээдүйтэй байх тэр замыг л сонгох ёстой. Түүнээс биш нэг гишүүн өөрийн эрх ашгаа бодож болохгүй.
-“Улс нэг тойрог” гэдэг системийг та дэмжиж байна уу?
-Бодох ёстой асуудал юм билээ. Харин бүсчилсэн тойрог нь амьдрал илүү ойр юм болов уу гэж харж байгаа.
Б.Лхам