БНТУ-ын Станбул хот дахь консул газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех Улсаас ХБНГ-ын хилээр автомашинтай нэвтрэх үедээ хар тамхи тээвэрлэж байгаад баригдсан. Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга хурандаа Э.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Тухайн үед 70 кг греон тээвэрлэж яваад үйлдэл дээрээ саатуулагдсан. Хэргийг шалгаж байна. Тагнуулын байгууллагын зүгээс уг хэргийн зохион байгуулагч, захиалагчийг илрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. 2018 оны сүүлч, 2019 оны эхээр Европийн холбооны зүгээс дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглаж хууль бус бараа, бүтээгдэхүүн тээвэрлэж байж болзошгүй гэх мэдээлэл авсан. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн чиглэлээр шалгах судалгааны ажил хийсэн.
ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах үеэр энэ хэрэг гарсан.
Герман Улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх журам байхгүй. Тиймээс энэ хэрэг Герман Улсын хууль тогтоомжийн дагуу шийдэгдэнэ. Дипломат дугаартай автомашин хувийн автомашин байсан. Тухайн улсад ажилаж байгаа дипломат нь албан хүсэлт тавьсны дагуу дипломат дугаар авч болно. Энэ дагуу зөвшөөрөл авсан юм билээ. Яагаад энэ автомашинд дипломат дугаар олгосон. Турк Улсад үүрэг гүйцэтгэж байсан хоёр ажилтан Герман Улсад ямар ажлаар явж байсан. Хаанаас их хэмжээний хар тамхи авсан талаар шалгаж байна. Баттүшигийн хувьд тагнуулын байгууллагад ажиллаж байсан. ГХЯ-ны шугмаар хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн. Дипломат албаны шаардлага хангаж ажилласан" гэв. Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Баттүшиг “Би Гадаад харилцааны яамны шугмын хүн биш тагнуулын байгууллагаас томилогдож очсон хүн" гээд тухайн үед консулаар ажиллаж байсан Мөрөнгийн хүү Энхмөнхтэй зүй бусаар харьцдаг байсан гэх мэдээлэл байна?
-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Би түрүүн хэллээ. Энэ бол Гадаад харилцааны яамнаас томилогдсон ажилтан.
-Гадаад харилцааны яамнаас тагнуулын байгууллагад хар тамхи тээвэрлэсэн хэрэг удаан хугацааны турш яригдаж байна гэж хүсэлт тавьсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тагнуулын байгууллагын шугмаар мэдээлэл орж ирдэг. 2018 оны байдлаар 1400 орчим хар тамхи, хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн судалгааг өчигдөр яамнаас өгсөн байна лээ. Үүнтэй холбогдуулан 160-аад хүн хилийн чанадад хар тамхины хэргээр ял эдэлж байна.
-Хэрэгт холбогдсон хүмүүсийн хувьд томилогдоод удаагүй хүмүүс. Магадгүй гаднын нөлөө, оролцоо байх талтай гэх сэжиг байна. Танайхаас үүнийг шалгах уу?
-Томилогоод удаагүй байхдаа ийм хэрэгт холбогдох нь анхаарал татсан. 2018 онд томилогдсон. Үүнийг шалгана. Тус хэрэг нь маш хүнд ноцтой хэрэгт тооцогддог.
-Гадаад харилцааны яамны Дотоод хяналт шалгалтын албанаас 2019 оны нэгдүгээр сард Станбулын консулын газрыг шалгасан юм билээ. Энэ үеэр ямар нэг сэжигтэй зүйл илрээгүй юм уу?
-Яг ямар асуудлаар шалгасан гэдгийг тагнуулын байгууллага мэдэхгүй. Тухайн байгууллагаас нь асуух хэрэгтэй байх.
-Уг хэргийг үйлдэгдэхээс нь өмнө илрүүлэх боломж байсан уу?
-Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх хэцүү. Маш нууцын зэрэглэлтэй, олон талын оролцоотой байдаг. Аль болох чадлаараа илрүүлэхийг, урьдчилан сэргийлж ажилладаг.
-Олон удаагийн үйлдэлтэй юу?
-Тэрийг хэлэх боломжгүй. Шалгалтын явцад шинээр нөхцөл байдал тогтоогдвол мэдээллэх болно.
-Тагнуулд ажиллаж байгаад өөр газраас албан томилолт авсан хүнийг танайхаас хяналт тавьж ажилладаг уу?
-Ажилладаг.
Г.Алимаа
Сэтгэгдэл (7)