Энэ долоо хоногт улс төрд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-МАН ирэх жилийн сонгуулийг "Улс-нэг тойрог" тогтолцоогоор явуулна-
МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилгоо, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн юм. Намын бүлгийн шийдвэрээр ирэх жилийн сонгуулийг "Улс-нэг тойрог" тогтолцоогоор явуулахаар хэлэлцсэнээ мэдээлсэн. Ингэснээр Монгол Улс дахь 33 намаас 76 хүртэлх хүн нэр дэвших боломжтой юм.
Харин сонгогч эдгээр нэр дэвшигчээс нэг л хүнийг сонгох зохицуулалттай гэдгийг хууль санаачлагчид хэлж байсан юм. Тэдний зүгээс энэ тогтолцоо ашигласнаар тойрог услах, мөнгө тараах, авилга хээл хахуул зэргийг халах боломжтой гэдгийг онцолсон. Үүнээс гадна УИХ-ын энэ долоо хоногийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Учир нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн т.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан юм. Тиймээс орны хүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохыг УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгосон юм. Ингээд байнгын хороо, нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Ний нуугүй хэлэхэд ийм ҮХЦ Монголд оршин тогтнох ёсгүй. Хариуцлагагүй, улс төрийн захиалга хийдэг ҮХЦ-ийн одоогийн дарга, гишүүдийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай. Монголын төрөөр ингэж тоглож болохгүй.
Одоо ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх юм шиг байна. Ээлжит болон нөхөн сонгуулийн ялгааг мэдэхгүй ҮХЦ-ийн гишүүдээр Монгол яах юм бэ. Бүхэл бүтэн нэг тойрог төлөөлөлгүй болсон байхад "Энэ сонгууль явбал иргэдийн бухимдал өснө" гэсэн хачин логик гаргасан ҮХЦ-ийн гишүүдээр яах юм бэ. Монголыг хуульгүй болгоход том үүрэг гүйцэтгэсэн гэж харж байна" гэдгийг хэлсэн нь олны анхаарал татаж байсан юм. -Үндсэн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа- Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан юм. Үүний дараа УИХ-ын зарим гишүүд яг ямар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал, Д.Лүндээжанцан гишүүн "Бид ямар нэг бүлэг, давхарга, улс төрийн нам хүчний ашиг сонирхлыг оруулахгүй. Монгол Улсын 3.2 сая хүн, Монголын ирээдүй хойчийн энэ нэмэлт өөрчлөлтүүдийг хийж байна гэдгийг онцлон хэлье. Иргэдээс хамгийн их санал авсан асуудлуудыг хасаагүй.
Тухайлбал, дордуулсан долоон нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал орж ирсэн. Давхар дээлийг 100 хувь тайлаагүй. Гэхдээ Монголын онцлогт тохируулж хийсэн. Ингэхдээ Ерөнхий сайд болон дөрвөн сайдыг давхар дээлтэй байж болно гэж зүйчилсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүний тав нь Засгийн газрын гишүүн байж болно. Ингэснээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал холилдож, бие биедээ тавих хяналт сулрахгүй гэж үзсэн. Мөн төсвийг батлах асуудалд УИХ-ын оролцоо, төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж зарлага нэмэгдүүлэхгүй гэсэн заалтыг оруулсан.
Түүнчлэн төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоог хуулиар оруулж өгч байна. Сонгууль бүрээр байгуулагддаг УИХ, Засгийн газар, эрх баригч хүчин төрийн санхүү, төсвийн хяналтад хяналт тавьж, хараандаа байлгах ёсгүй. Ийм учраас энэ бүхнийг хараат бусаар хяналттай хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн" гэсэн юм.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийг томилохдоо 55 наснаас дээш, таван жил Монголд амьдарсан хүнийг зургаан жилийн хугацаатай томилно гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн юм.
-Б.Чимгээг эрүүдэн шүүсэнтэй яг адилхан хэлбэрээр Б.Булганыг эрүүдэн шүүсэн-
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан захидал саяхан олон нийтэд ил болсон билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Надад ирсэн тэр захидал төрийн гурван өндөрлөгт очсон. Б.Булган "Эрүүдэн шүүсэн, 10 сар цагдан хоригдсон, гурван удаа мэдүүлэг өгсөн, энэ гурван хүн С.Зоригийн аминд хүрээгүй" гэх утгатай зүйлийг бичсэнээс гадна "Тэр үед 13 настай охин одоо нас биед хүрчихсэн. Охинтой чинь уулзая, хамт явъя гэх мэтээр тагнуулын Ажлын хэсгийнхэн миний охиноор оролдож эхэллээ.
Миний өвөө хэлмэгдсэн. Би 10 сар хоригдлоо. Одоо гурав дахь үе рүү нь буюу миний охиноор оролдож эхэлж байна. Охиноор минь оролдохгүй байх арга хэмжээ авч өгөөч" гэсэн утгатай захидал ирсэн байдаг. Сая тэр өргөдөл олон нийтэд ил болж байна билээ. Үйл явдлыг нь харж байхад Б.Булганыг эрүүдэн шүүсэн болж таарсан. Тэр Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь оруулсан. Яг л Б.Чимгээг эрүүдэн шүүсэнтэй яг адилхан хэлбэрээр Б.Булганыг эрүүдэн шүүсэн байдаг" гэсэн юм.
-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа-
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг чуулганаар хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар хүлээн авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих тухай албан бичигт "УИХ-аас тавдугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцсан. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн хамрах хүрээг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөтгөж байгаа энэхүү хууль нь төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлал, хууль дээдлэх тухай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүхэд хандах Монгол Улсын иргэний үндсэн эрх болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй огт нийцэхгүй гэж үзэж байна” гэсэн байсан юм.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дахь заалтуудын хамрах хүрээг хэт өргөтгөсөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.а буюу “батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр” гэсэн дэд заалтын хүрээнд батлан хамгаалах чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, тэдгээрийн харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, аюулгүй байдлын салбар дахь Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг бөгөөд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байна гэж дурджээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.б буюу “Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа” гэсэн дэд заалтын хүрээнд төрийн өмч хувьчлалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрүүд, ашигт малтмалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын тушаал, шийдвэрүүд, байгалийн нөөцийн удирдлагын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, тэдгээрийн харьяа байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа зэрэг асар өргөн хүрээний асуудал мөн л ямар нэгэн ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Түүнчлэн уг дэд заалт нь утга агуулгын хувьд дээрх 3.1.7 дахь заалтдаа захирагдахааргүй, бие даасан хэмжээнд томьёологдсон байна. Тухайлбал, …төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа гэсэн нь 3.1.7 дахь заалтаасаа агуулгын хувьд өөр, бие даасан утга илэрхийлж байгааг анхаарах шаардлагатай гэдгийг З.Энхболд дарга танилцуулгадаа дурдсан.
Мөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын “тайлбар” хэсэгт буй “улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх” гэсэн томьёололд улс төрийн шийдвэр гэдгийг хэрхэн яаж ойлгохыг хууль зүйн үүднээс тухайлан тодорхойлоогүй байх төдийгүй тухайн ойлголтыг “Улсын Их Хурлын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор…” гэж “улс төрийн шийдвэр” гэх ойлголтоос тэс өөр утгаар тайлбарласан. Ингэснээр уг хуулийн 3.1.7 дахь “Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дараах шийдвэр” гэсэн заалт нь 3.1.7.а, 3.1.7.б гэсэн дэд заалтуудаа “улс төрийн шийдвэр гэсэн агуулгын хүрээнд” хашиж, хязгаарлах боломжгүйд хүрч байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталлаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан.
Энэ хүрээнд Улсын Их Хурал Үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд илт харшилж, зөрчил үүсгэх эрсдэлтэй хуулийг зохих ёсоор засаж, залруулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан байна. Хууль зүйн байнгын хороо уг хоригийг зургадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн бөгөөд хүлээн авах боломжгүй гэж үзээд байсан юм. Харин чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь дэмжсэн ч, 2/3 хувьд хүрээгүй учир Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар болсон юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (14)