Өнгөрсөн өдрүүдэд нийгэм, улс төрийн хүрээнд юу болж өнгөрөв. Уншигчид юунд хөтлөгдөж, хэний талаар хүүрнэв, мөн элэрхийлэв. Эдгээр асуултад хариулт өгөхөөр 24tsag.mn сайтын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан “Онцлох 10” ярилцлагыг түүвэрлэн хүргэж байна. Магадгүй уншигч Та эдгээр ярилцлагаас нэгийг бодож, хоёрыг тунгаах болов уу.
1. Б.Баатар: Би бол HERO
-Ухаан санаа нь дэндүү тунгалаг байсан. Хавдрын өвчинтэй тэмцэж байсан ч тархи нь тунгалаг байсаар тэнгэрт хальсан. Тэр хүртлээ сургаалиа, томоохон гэрээслэлүүдээ хэлдэг байж дээ. Магадгүй Б.Лхагвасүрэн шиг амьдралын мөн чанар, амьдралын дуусах цэгийг тэгж их бичсэн зохиолч байхгүй байх. Тиймээс ч үхэл гэдэг зүйлийг өөрөө эрхэм утгаар хүлээж авсан. Үхэлтэй золгоно гэдэг бол агуу үйл явдал юм байна. Уйлж унжиж, айж ичсэнгүй. Үнэхээр л ижий аавтайгаа уулзах гэж томилолт аваад явж байгаа хүн шиг л байсан. Үхэхдээ хүртэл агуу байна гэдэг өөрөө амьд байхын мөн чанарын нэг том хэсэг юм байна. Яг тэр өдрөө “Сар шинээ сайхан угтана аа” гээд угтаад, шинийн нэгний өглөө 10 цаг 10 минутад амьсгаагаа татаж байгаа юм. Би гадаадад байхдаа энэ мэдээг хүлээж авсан. Тэгээд тэр өдрөө л нисэж ирсэн. Намайг ах маань явуулах дургүй байсан.
Эх сурвалж INTERVIEW.mn http://interview.mn/showconversation/613
2. А.Бүрэнбаатар: Х.Мандахбаяр өөрийгөө орчин цагийн Пулитцер гэж бодоод байх шиг байна
-Х.Мандахбаяр гэдэг хүнийг МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгосон Их хуралд би ажиглагчийн байр сууринаас оролцсон. Санал өгөөгүй. Монгол Улсын хэмжээнд 6000 гаруй сэтгүүлч ажиллаж байна гэсэн тоо байдаг. Харин Х.Мандахбаярын хувьд тэдгээр 6000 хүнээс сонгогдоогүй. Тухайн хуралд суусан хүмүүсийн дийлэнх олонхын мандатыг авч л сонгогдсон. Дээрээс нь улстөрч хүн юм билээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч гэдэг бол маш хариуцлагатай, хэнтэй, хаана юу ярихаа боддог байх ёстой албан тушаал. Өмнөх ерөнхийлөгч нарыг харахад хоёр удаа сонгогдсон Б.Галаарид гуай ямар байсан юм. Юу ярьдаг байлаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Т.Баасансүрэн гуай байна. Тэдгээр хүн ингэдэг байсан уу. Хувьдаа телевизтэй байсан уу гэвэл байсан. Тэрийгээ урдаа бариад “Хүүе, хаая” болж байсныг мэдэхгүй. Гол нь нийгэмд ингэж сенсаацлаж, өөрөө оройлон тоглож байгаагүй.
Эх сурвалж 24TSAG.mn http://www.24tsag.mn/a/172599
3. Ц.Цолмон: Нэг хувь үйлдсэн миний өргөдөл нийгмийн сүлжээнд яагаад тарсныг мэдэх юм алга
-УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараа надад санал тавьсан нь үнэн. Өөр ажилд шилжүүлье ч гэсэн санал тавьж байсан. Ер нь бол УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг хоёр хүн маш сайн ойлголцож хамтарч ажиллах ёстой. Хэрэв тэр хүн хамтран ажиллах боломжгүй гэж байгаа бол саналыг нь хүндэтгэн үзэх учиртай. Би тэгж л хандсан. Яагаад гэвэл, энэ нь хувь Цолмон гэдэг хүнийг ажилтай байлгах тухай асуудал биш шүү дээ. Цаана нь төрийн ажил байдаг. Төрийн ажил цалгардаж болохгүй учраас би өөрөө хүсэлтээрээ өргөдлөө бичиж өгөөд хоёр хоногийн дараа чөлөөлөгдсөн. Ийм л зүйл болсон.
Эх сурвалж EAGLE.mn http://eagle.mn/r/60124
4. Б.Эрдэнэтуяа: Монголын иргэнээрээ үлдсэн минь миний сонголт байсан
-Манай хүн хэдэн жилийн өмнөөс ОХУ-ын иргэн болж, иргэний паспортоо В.Путин ерөнхийлөгчөөс гардаж авсныг дэлхий нийт харсан шүү дээ. АНУ, ОХУ-ын давхар иргэншилтэй гэсэн үг. Нөхрөө дагаад намайг бас Америк, Оросын иргэн болсон гэж хүмүүс боддог шиг байгаа юм. Би чинь зөвхөн Монголдоо гэдэг шиг хүн шүү дээ. Манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй болохоор Монголын иргэнээрээ үлдсэн нь миний сонголт байсан. Харин Оросын зүүн хязгаарын амбан захирагч болох тухай яриа бол хэвлэлийнхний тараасан худал цуу шүү. Нэг арга хэмжээн дээр "Манай муж захирагчгүй байгаа, та манай захирагч болчих л доо" гээд хүн тоглоод хэлэхээр нь "Өө тэгье л дээ" гээд бас тоглоод хариулсан юм. Тэгсэн энэ нь 30 минут ч хүрэлгүй мэдээ болоод дэлхийгээр нэг цацагдаж байж билээ. Ийм л цаг үед бид амьдарч байна. Сэтгүүлчдийн ёс зүй хаа сайгүй амаргүй байна аа.
Эх сурвалж BAABAR.mn http://baabar.mn/article/berdenetuyaa-mongoliin-irgeneeree-uldsen-mini-minii-songolt-baisan
5. Малцев Юрий Николаевич: Монголчууд бол баян орны ядуу хүмүүс
-Та нар хамаагүй эрх чөлөөтэй. Өмнөдтэй нь харьцуулсан ч, умардтай нь харьцуулсан ч түүгээрээ л илүү. Би ийшээ ирэхээс өмнө Катарт байсан. Тэр орноос явахад сэтгэл маш хөнгөрсөн. Хятадаас явахад бас сэтгэл сайхан хөнгөрдөг юм. Нэг сайхан жорлонд ороод гарч байгаа юм шиг. Харин Монголд бол дарж дарамтлаад байгаа мэдрэмж огт төрдөггүй. Гэхдээ танай парламент маш хачин. Танай улс төр надад Казахстантай адилхан юм шиг санагддаг. Назарбаев коммунист байсан одоо капиталист болсон, яг түүнтэй адил. Гэхдээ ерөнхийлөгчөө шүүмжлэлээ гээд шоронд суулгадаггүй л дээ. Эдийн засагчийн хувиар хэлэхэд танай мөнгөний бодлого маш муу. Сайн эдийн засгийг мөнгөний сайн бодлого бий болгодог. Би энд өөрийгөө хулгайч шиг төсөөлж байна. Би ресторанд ороод сайхан хоол идлээ. Сайхан юм уулаа. Тэгэхэд надад авчирч өгч байгаа тооцооны хуудсыг нь харахаар хэдхэн зоос.
Эх сурвалж NEWSPRESS.mn https://newspress.mn/v1/p/news/10533?fbclid=IwAR3jBhyu0Bh2CaXpUbXZNBEt3KkKV7ztyZQkib1DxDZ3Zivx9Hkk5GlqFr4
6. З.Нарантуяа: ОУПХ-нд Г.Батхүү агсны ар гэрийнхний гаргаж өгсөн материалыг явуулсан
-Төрийн ордны тэрхүү хэсэгт хяналтын камергүй байсан. Ямар орчинд, хэрхэн амь насаа алдсан нь маш эргэлзээтэй байгаа. Тэр тусмаа өвчний улмаас биш, гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амь насаа алджээ гэх анхны дүгнэлт эмнэлгийн байгууллагаас гарч байгаа учраас үүн дээр анхаарахыг хүссэн. Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгаж байгаа ажиллагаа хэр үнэн зөв, үндэслэлтэй явж байгаа нь нийтэд нээлттэй биш байна. Энэ хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа нь сонгуулийн өмнө улс төрийн ямар нэгэн нөхцөл байдлаас хамаараад хаалттай, үнэн зөв явахгүй байх нөхцөл байдал үүсчих вий гэх болгоомжлол байна. Тиймээс ОУПХ-г энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч байгаа юм. Анхаарлын төвд нь ч оруулж байгаа хэрэг. Ийм байдлаар хүсэлтийг өгсөн. Мэдээж ар гэрийнхнийх нь зүгээс “Харьяалагдаж байсан улс төрийн хүчнийх нь парламентад байгаа зөвлөл энэ асуудалд анхаарч, ОУПХ-ны Монголын парламентын бүлгэмд энэ хүсэлтийг тавьж өгөөч ээ” гэж хүссэн.
7. "Би сайдыг доромжлоогүй, хариуцлага нэхсэн"
-Салбарынх нь үзүүлэлт хийсэн ажил, төрийн бодлогын, шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтээр үнэлэгдэх болохоос мянган сайхан сэтгэлээр явагдахгүй. Би ч хувь хүний хувьд сайдыг муу хүн гэж огт боддоггүй. Д.Сарангэрэл сайдыг анх ажлаа авахад нь би цахим хуудсаараа дамжуулж, 21 зөвлөмж өгсөн. Эмч хүнийхээ хувиар, энэ яаманд ажиллаж байсны хувьд онцгой анхаарах ёстой асуудлуудыг жагсаагаад бичсэн зөвлөмж байсан юм. Түүн дотор сайдаас нийслэлийн сурагчдын дунд байгаа далд сүрьеэгийн асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн. Харамсалтай нь миний өгсөн зөвлөмжийг тусгаж аваагүй бололтой. Далд халдварыг эртхэн илрүүлэх, эмчлэх тал дээр юу ч хийхгүй байсаар хот хөдөөгийн гурван сургуульд маш том дэгдэлт гарлаа. Энэ бол зөвхөн мөсөн уулын орой л ил болж байна. Д.Сарангэрэл сайд огцорсноос юу өөрчлөгдөх юм бэ гэж зарим хүмүүс асууж байна лээ. Үнэхээр салбарын байдал ноцтой байгаа учраас л түүнийг огцруулах шаардлага тавьж байгаа юм. Би улс төрөөс, эрх баригчдаас хариуцлагын тогтолцоог нэхсэн.
Эх сурвалж NEWS.mn https://news.mn/r/2144451/
8. Э.Эрдэнэ: Томилогдоод удаагүй хүн маш ноцтой гэмт хэрэгт холбогдсоныг сайтар нягтлах хэрэгтэй
-Томилогдож очоод удаагүй байхдаа ийм ноцтой гэмт хэрэгт холбогдоно гэдэг анхаарал татсан асуудал мөн. Хамгийн гол нь тагнуулын байгууллагын зүгээс манай улсын иргэд маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэгт ямар байдлаар ашиглагдаад байгаа вэ гэдгийг шалгах ёстой. Дахиж ийм хэрэг гаргахгүй байх талаар урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Хар тамхи хилээр нэвтрүүлэх бол маш ноцтой гэмт хэрэг. Түүнийгээ дагаад ялын бодлого ч хүнд байна.
Эх сурвалж DARDAS.mn http://dardas.mn/news/pview/9596
9. Криста Дэгүчи: Би монгол жүдочдын хүчтэй байдгийн нууцыг олчих шиг боллоо шүү
-Монголын бэлтгэлийн заал болон Канадынхаас хамаагүй том юм. Канадад ийм олон татами нэг зааланд байдаггүй. Тийм болохоор Монголд нэг зааланд олон тамирчин бэлтгэл хийж байна. Японы заал ч гэсэн жижигхэн байдаг. Мөн энд тамирчид бэлтгэлээ хийж дуусаад урт олсонд гарч байгаа нь их сонин, бас сайхан байна. Миний бодлоор Монголын жүдочдын бэлтгэл маш хүнд санагдлаа. Монголын газар зүйн онцлог нь их өндөрлөг юм. Үүнээс үүдээд бидний хувьд бэлтгэлдээ их ядарч байна. Харин монгол тамирчид үүндээ дасчихаж. Би монгол жүдочдын хүчтэй байдгийн нууцыг олчих шиг боллоо шүү. Ийм хүнд бэлтгэл хийдэг. Дээрээс нь Монгол орны газарзүйн байрлал, цаашлаад хөдөө нутагт өссөн нь их нөлөөтэй юм шиг санагдлаа. Ер нь би цаашдаа өөрийн хүчээ илүү нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгээ энэ удаагийн хамтарсан бэлтгэлээр илүү их ойлгож байна.
Эх сурвалж NPOST.mn http://www.npost.mn/a/163888
10. Ц.Оюунгэрэл: Төрийн ордонд хүний амьд явах эрх зөрчигдсөн
-Ойрд гунигт мэдээ олон сонсч байна. Манай талийгаач Д.Арвин, Г.Батхүү хоёр парламентад нэг ширээнд сууж байсан. Бие биеэ хөгжөөж, хошигнодог найзууд байлаа. 2016 онд бид УИХ-д хамт сууж байхад ардчиллын 25 жилийн ой тохиосон. Тэр ой нэг л нам гүм өнгөрсөн. Тухайн үед Г.Батхүү, А.Бакей бид хэд Монголын ардчилалд тэмдэглэх юм байхгүй юм уу. Бид ямар үнэ цэнэтэй зүйл бүтээсэн билээ. Сүүлийн 25 жилд ардчиллаас ямар сургамж авч, үнэт зүйл бүтээв гэж ярьж байгаад МОАН-ыг байгуулахаар болсон юм. Энэ санаачлагын гол зорилго нь ардчиллын үнэт зүйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, залуучуудад зааж сургах, гэгээрүүлэхээр архив үүсгэж өөрөөр хэлбэл, үнэт зүйлд консравтив хийх ТББ-ыг байгуулсан юм. Үүний дараагаар ардчиллын 10 үнэт зүйлийг томъёолсон. Хамгийн эхэнд бичигдсэн үнэт зүйл бол Монголын ардчилал тайван замаар ирсэн. Нэг ч цонх хагалаагүй маш тайван замаар ардчиллыг эхлүүлсэн. Нэгнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдахгүйгээр хэл амаараа хоорондоо ярилцаад үүссэн асуудлаа шийддэг байх нь хамгийн үнэ цэнэтэй соёл юм. Энэ бүхэнд талийгаачтай хамтарч ажиллаж байлаа.
Эх сурвалж GOGO.mn http://news.gogo.mn/r/240919
С.Сүлд