Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй эхлэх гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
-Одоогоор бага, дунд ангиудын хичээл амарсан. Ахлах ангиуд 15-ны үеэр амарна. Өнгөрсөн жил 12 дугаар ангийг 40 мянган хүүхэд төгсөж байсан бол энэ жил 18 мянга орчим хүүхэд төгсөж байна. Их, дээд сургуулиудын босго оноо зарлагдсан. Үүнтэй зэрэгцээд Их, дээд сургуулиуд элсэлтээ авах бэлтгэлээ хийж байна. Энэ жил төрийн өмчийн 17 их, дээд сургууль, хувийн хэвшлийн 80 гаруй их, дээд сургууль элсэлт авна. Их, дээд сургуулиудыг чанартай сургалттай байлгахын тулд цөөнгүй сургуулийн тусгай зөвшөөрөл, хичээлийн хөтөлбөрийг хүчингүй болголоо. Эхнээс нь ажлуудаа цэгцлээд явж байна. Энэ жилийн хувьд их, дээд сургуулийн хувьд том сорилт болно гэж үзэж байгаа. Учир нь энэ жил өмнөх жилүүдийг бодвол харьцангуй цөөн төгсөгчид төгсөнө. Тиймээс сургуулиудын өрсөлдөөн их байх болов уу. Материаллаг бааз хангалтгүй, хичээлийн байргүй, хичээлийн программ, багшийн хангалт муутай хувийн сургуулиудыг эхнээс нь хааж байна. Цаашдаа ийм сургуулиуд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Миний зүгээс их, дээд сургуулийн шаардлага хангахгүй бол коллеж, МСҮТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Яамны зүгээс ч ийм бодлого барьж байна. Их, дээд сургууль нэрийдлээр айл гэрийн эдийн засгийг мөлжиж, тухайн хүүхдийн дөрвөн жилийг үр дүнгүй үрэх хэрэггүй. Энэ жил ЭЕШ-ын хуудсыг шууд скайнердаж, дэлгэц дээр гарах замаар дүн гаргана. Энэ бол анх удаа хийгдэж байгаа ажил. Боловсролын үнэлгээний төвтэй хамтран техникүүдээ худалдаж авсан. Аймгуудад байршуулах бэлтгэл ажил хангагдаж байна.
-Тэгвэл шалгалтын хариутай холбоотой маргаан буурах боломжтой болох нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Яваандаа бүх зүйл ил нээлттэй болно.
-ЭЕШ-ыг залгуулаад хичээлийн шинэ жил эхэлнэ. Их, дээд сургуулийн төлбөрт ямар зохицуулалт хийж байна вэ?
-Өмнөх жилүүдийн жишгээр их, дээд сургуулиудын удирдах зөвлөлүүд төлбөрөө тогтоох байх. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж зарим сургуулиуд төлбөрөө 5-6 хувиар нэмэх хандлагатай байна. Багш нарын цалин хөлсийг үе шаттай нэмж байгаа. Гэвч их, дээд сургуулиуд өөрсдөө төлбөрөө тооцоолж гаргадаг учраас сургалтын төлбөрт зааг тогтоох боломж алга.
-Их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажил хэр явцтай байна вэ. Таныг энэ салбарыг удирдаж байх үед энэ ажил нэг тийшээ болж цэгцрэх болов уу?
-2008 оноос хойш яригдсан асуудал шүү дээ. Төсөл хэрэгжиж, их, дээд сургуулиудын ашиглалтын өмнөх захиргаа нь байгуулагдаж, Багануур дүүрэг рүү гаргана гээд баахан зураг төсөл хийсэн. Гэвч энэ ажил зогссон юм билээ. Зогссон учир нь газрын байршил оновчтой биш байна гэж үзсэн. Улаанбаатар хотоос 130 км зайтай, газрын хөрс нь цэвдэгтэй газарт төлөвлөлт хийгдсэн байна гээд 2013 оноос төсөл нь зогссон юм билээ. Одоо бидний зүгээс хотын ойролцоо буюу хотын захын аль боломжтой газруудад хотын төвд байрлалтай их, дээд сургуулийг гаргах тухай ярьж байна. Судалгаа нь хийгдсэн. Тиймээс Барилга хот байгуулалтын яаманд зураг төслийг нь хүргүүлэх гэж байна. Дэд бүтэц нь улсын төсвөөс суугдаж таарна. Ингээд шат дараатай явагдана. Гадна, дотнын зээл тусламжийг хөөцөлдөж байна. Энэ ажлыг ажил хэрэг болгохоор хөөцөлдөж байна даа.
-“Цөм хөтөлбөр” хэдийг хүртэл үргэлжлэх вэ. Салбарын сайд солигдонгууд сургалтын хөтөлбөр солигддог асуудал гардаг. Ё.Отгонбаяр сайдын үед “Кембриджийн хөтөлбөр” гэж баахан шуугиан тарьж, өөрчлөлт хийсэн шүү дээ?
-Сургалтын хөтөлбөр 2000 оноос хойш дөрөв, таван удаа солигдсон. Солигдож, өөрчлөгдлөө гээд сайжирсан зүйл алга. Миний зүгээс сургалтын хөтөлбөрт гар хүрэхгүйгээр болж, бүтэхгүй байгаа, доголдолтой зүйлийг засаж сайжруулж байна. “Кембридж”, “Цөм” гээд янз бүрийн нэр өгч өөрсдийн нэр дээр хаяглах гээд байх шаардлага байхгүй. Ерөөсөө л “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үндэсний хөтөлбөр” гэхэд болох юм. Хамгийн гол нь би үүнийг нэр дээрээ хаяглах гэсэн зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэмж олгогдох уу. Уг нь танай намын мөрийн хөтөлбөрт үргэлжлүүлэн олгоно гэж тусгасан байсан?
-Олгох байх. Засгийн газарт энэ асуудал яригдаж байгаа. Орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд цөөнгүй ажил төлөвлөж, зарим ажлыг эхлүүлсэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд энэ асуудал хамаардаг. Тиймээс тус яамнаас ямар ажил зохион байгуулж байгааг асууж тодруулах нь зөв болов уу.
-Ирэх намар хичнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ. Газрын асуудал нь шийдэгдсэн үү?
-Нийслэлд газрын асуудал хүндрэлтэй байна. 2019 онд гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжинд оруулахаар ажиллаж байна. Улс хэмжээнд 57 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөгөөнд тусгагдсан. Ингэхээр сургуулийн хүчин чадал 21400-гаар нэмэгдэнэ. Мөн 132 шинэ цэцэрлэг барина. 2020 онд 42 цэцэрлэг шинээр баригдана. Нийслэлд сургууль, цэцэрлэгийн есөн байршлыг шийдсэн. Салбарын сайдын баримталж байгаа бодлого бол сургууль, цэцэрлэгийг барихаас илүүтэй хуучнаа засах ажил өрнүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тоног төхөөрөмжийг нь сайжруулах хэрэгтэй байна. Цэцэрлэгийн тоглоом, ширээ, сандал, шкаф болон сургуулийн физик, химийн кабинатад ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй байна. Хүүхэд хамгааллын асуудлаар сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлага бий. Нийгмийн ажилтан хүн сэтгэлзүйч биш шүү дээ. Хөдөө орон нутагт сэтгэлзүйч гэдэг шинэ ойлголт. Сургууль бүрт сэтгэлзүйч байх шаардлагатай. Хүүхдийн хүчирхийлэл гэхээр сургууль, цэцэрлэг рүү ярьдаг. Хамгийн сүүлийн судалгаагаар 680 хүүхдийн эрх зөрчигдсөн байна. Үүнээс 23 нь сургуулийн орчинд үйлдэгдсэн. Үлдсэн 660 гаруй нь гэр бүлийн орчин нөхцөл, нийгэмд зөрчигдсөн байна лээ.
Р.Хишигжаргал