Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний Их баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайд зочилдог уламжлалтай. Эртнээс тогтсон энэ уламжлалын хүрээнд үе үеийн Төрийн тэргүүнд дуут сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлдэг юм.
Өнгөрсөн жилийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга гурван сум тавьснаас нэг нь онож байв. Тэрбээр энэ тухайгаа “Хоёр дахь удаагаа улсын баяр наадмыг нээж байна. Өнгөрсөн жил бэлтгэл хийгээгүйн улмаас сур харваагүй. Энэ жил гурав, дөрвөн удаа бэлтгэл хийж байж харвалаа. Нэг сум нь онолоо. Сайхан байна” гэж байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 10-наас наадмын бэлтгэлдээ гарч эхэлснийг энэхүү зургаас харж болно. Энэ удаад тэрбээр цол, зэрэгтэй харваачдын сум тавьдаг зайнаас бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Онцлоход сар гаруйн хугацааны дараа болох Үндэсний Их баяр наадамд оролцох цэц мэргэнээ сорих харваачид хараахан бэлтгэлдээ гараагүй байгаа юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)