Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолын дагуу чингэлэгт нүүрс тээвэрлэлтийг Гашуунсухайт-Ганц боомт чиглэлд явуулахаар болсон. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-Чингэлэг тээврийн давуу тал нь юу юм бэ?
-Чингэлэг тээвэр явснаар эхлэх цэгээс төгсөх цэг хүртэлх тээврийн хяналттай явах боломж бүрдэнэ. Мөн уг тээврээр явж байгаа ачаа замдаа буухгүй. Ингэснээр нүүрсний чанар алдагдахгүй гэсэн үг. Чингэлэг тээвэр тээж байгаа машины нэг голч дээр гарч байгаа хэмжээ улсын стандартад нийцэж байгаа бөгөөд энэ тээврийн даац 140 тонн байх юм. Түүнчлэн бүх чингэлэг тээврийн бүх машинууд шинэ тээврүүд байна. Тусгай дугаартай явуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, тээврийн шинэ чиглэл, технологи үүсч байна гэж хэлж болно.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн нүүрсний үнэ огцом унасан. Тэгэхээр нүүрс тээвэрлэлтийн үнийн ханш дээр Засгийн газар оролцох уу?
-Энэ асуудлаар Тээвэрлэгчдийн холбоо мөн адил яаманд хандсан. Учир нь 120 юань байсан тээврийн зардал буурсаар 70 юань болсон. Тиймээс анхаарлаа хандуулж өгөөч гэсэн. Бид тээвэрлэлт хийж байгаа болон хүлээж байгаа компаниудад энэ асуудлыг тогтмол барих шаардлага хэрэгцээ байгааг мөн хэлсэн. Цаашид АТҮТ болон Зам тээвэр, хөгжлийн яам онцгой анхаарч ажиллана. Түүнчлэн тээвэрчдийн нийгмийн баталгаа, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, аюулгүй байдлыг хангахад шат дараатай арга хэмжээ авна.
-Ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкнаас зээл гаргаж өгнө гэж байсан. Энэ ажил юу болсон бэ?
-Хөгжлийн банктай аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллаж байгаа юм билээ. Тээвэрлэгч компаниуд өөрийн гэсэн камптай болж байгаа. Одоогоор 5-6 зургаан компани камп барьсан, зарим нь ашиглалтад оруулах дөхөж байна. Харин тээвэрлэгч компаниуд ажилчдыг цагтаа ажиллаж, амардаг байхаас гадна хурд хэтрүүлдэггүй, хөдөлгөөний дүрэм зөрчдөггүй, эрүүл жолооч нарыг тээвэрт явуулах шаардлагатай. Шинэ нөхцөл байдал үүсч байна гэдгийг тээвэрчид ойлгох хэрэгтэй. Цаашид Гашуунсухайтын зам дээр тээврийн хяналт шалгалт сайжирна.
-Энэ чингэлэгт тээвэр гэдэг Засгийн газраас дунд шатанд барьж байгаа бодлого уу?
-Тийм. Төмөр зам ашиглалтад орох хүртэл шүү дээ. Энэ хугацаанд барих хамгийн зөв бодлого бол чингэлэгт тээвэр. Тэвштэй машинаар тээвэрлэж байгаа ачаа нь Баяннуур хүрээд буудаг байсан. Харин чингэлэг тээвэр явж эхэлснээр ачаа аль далайн тээвэрт хүрч байгааг хянах бололцоо бүрдэнэ.
Мөн БНХАУ-ын Зам тээврийн сайдтай уулзсан. Хоёр орон байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, орчны бохирдлыг бууруулах үүднээс бид энэ арга хэмжээг авч байгаа юм.
-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил хэдэн хувьтай байна вэ?
-Бид дараагийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлаар хэлэлцэнэ. Энэ хүрээнд хэд хэдэн хувилбар бий. Тухайлбал, нүүрс борлуулсан урьдчилсан хөлсөөр төмөр замаа тавих эсхүл 51 хувийг нь Монгол Улс, 49 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох зарчмаар явах боломжтой. Түүнчлэн дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгө босгох арга байна. Эдгээр хувилбаруудыг аль аль талаас нь судалж байна.
-Та энэ салбарыг тэргүүлж байгаа сайдын хувьд аль хувилбарыг нь илүү тохиромжтой гэж харж байгаа вэ?
-Газар дор байгаа нүүрсийг борлуулан урьдчилж төлбөрийг аван төмөр замынхан өөрсдөө барьж байгуулах. Үүнийг хамгийн боломжит хувилбар гэж үзэж байна.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил зогсонги болж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн ажлыг эхлүүлээд байна. Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьснаар бидэнд хэзээнээс ашгаа өгч эхлэх юм бэ?
-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол стратегийн ач холбогдолтой. Энд Монгол Улсын хамгийн үнэд хүрч, үр ашиг нь сайжирч болох стратегийн ордууд бий. Дээрх ордууд төмөр замаас 30 км-ийн радиуст байрладаг. Тиймээс ордуудын үнэ цэн нэмэгдэнэ. Дэлхийн зах зээл дээр IPO босгоход ч хэрэгтэй. Ордын үнэ цэн нэмэгдсэнээр эдийн засгийн үр өгөөж ч дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Төмөр замын бүтээн байгуулалтын доод бүтцийг Жанжин штаб, дээд бүтцийг “Улаанбаатар төмөр зам” ХХН хийнэ. Хоёр жилийн хугацаанд ашиглалтад орно гэж тооцож байна.
Түүнчлэн зам дагасан хөгжил бий болно гэж харж байгаа. Мөн Монголын хоёр дахь том гарц энэ зам байх болно.
-Та сая нүүрс тээвэрлэх төлбөр тооцоогоо урьдчилж авч төмөр зам барих талаар ярилаа. Жишээлбэл, Чалко компанитай ийм гэрээ хийж, нүүрсний үнийг унагааж байсан туршлага бий шүү дээ?
-Урьдчилж авах үнээ хэлэлцэнэ. БНХАУ-ын зах зээл дээр ханш нь ямар байна, ярьж байгаад газар дорх нүүрсээ зарж мөнгө болгоно. Үүгээр төмөр замаа барих асуудлыг ч БНХАУ-ын талаас тавьж байгаа. Мөн хэд хэдэн компаниуд ийм санал тавьсан.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)