УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид Монголд ажиллаад буцлаа. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн талаар ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-Түр хороо байгуулагдаад гурван долоо хоногийн хугацаанд нууцад байгаа материалыг ил болгох, судалгаа дүгнэлт хийх талаар ажилласан. Хамгийн гол нь ОУПХ-оос ажлын хэсэг ирэхэд тодорхой нөхцөлүүдийг бүрдүүлсэн байх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, хэргийн материалын тодорхой хэсгийг нууцаас гаргаж, танилцах боломжтой болгохоос гадна уг хэргээр ял эдэлж байгаа хоёр иргэнтэй уулзах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан юм. Энэ чиглэлээр Түр хороо эрчимтэй ажиллаж ОУПХ-ны ажлын хэсэг ирэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Үүний дагуу ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид ирж, нөхцөл байдалтай биечлэн танилцаж, үнэлэлт дүгнэлт хийгээд явлаа. Удахгүй дүгнэлтийн материалыг бидэнд ирүүлнэ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг аль эрт хаагдчихсан. Тиймээс Түр хорооны дараагийн хийх ажил энэ хэргийн үнэн зөнийг олохын төлөө ажиллах юм. Эрүүдэн шүүсэн нотлох баримт байна. Буруутай хүмүүс нь ч эхнээсээ хуулийн байгууллагад шалгагдаад явж байна. Энэ мэт шинэ нөхцөл байдлууд нь хэргийг дахин авч хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлж байна. Гэхдээ энэ ажлыг нэг алхам ахиулахгүй байх том систем ажиллаж байна. Хаасан хэргийг дахин авч хэлэлцэж байж жинхэнэ захиалагч, аллагыг үйлдсэн гэмт этгээдүүдийг эрэн хайх, шалгалтыг явуулах нөхцөл бүрдэх юм.
-Ер нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах хууль эрх зүйн боломж байгаа юу?
-Энэ хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзсэн тэр өдрөө л суллах ёстой байсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл прокурор болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан бичлэгийг үзэхгүй байна. Үзэхгүй байна гэдэг нь энэ асуудлын үнэн зөвийг олох сонирхол тэдэнд байхгүйг харуулж байна.
-Эрүүдэн шүүсэн бичлэгийг бүгд үзлээ. Зарим иргэдийн зүгээс Ерөнхийлөгч Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг цаг алдалгүй уучлал үзүүлж суллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Энэ боломжтой юу?
-Хүн хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрч уучилж, өршөөгдөнө гэдэг байж болохгүй. Тэр дундаа С.Зоригийг алсан хүнийг уучилж болохгүй шүү дээ.
“Эрүүдэн шүүсэн тухайн нотлох баримт хүчингүй” гээд хуульд заасан байна. Шүүхээс “эрүүдэн шүүсэн нь тогтоогдоогүй” үндэслэлээр ялласан. Тэгвэл эрүүдэн шүүсэн бичлэгийг МҮОНРТ-ээр гарлаа. Ард түмэн үзсэн байх. Шүүгчид ч хараа байлгүй дээ.
-Эрүүдэн шүүсэн нь тодорхой байна гэдэг тухайн хэргийг үйлдээгүй баталгаа болж чадах уу?
-Хэргийг үйлдсэн үгүйг дахин нотлох хэрэгтэй. Д.Содномдаржаагийн зүгээс эрүү шүүлт, дарамтнаас болж “би үйлдсэн байх” гэдэг зүйлийг хэлсэн юм шиг байгаа юм. Өөрөө энэ талаар тайлбарлахдаа “Надад тэр үед эм өгсөн байсан” гэж хэлсэн. Т.Чимгээ хэргээ хүлээгээгүй ч гэсэн автоматаар ял үүрүүлсэн. Учир нь нөгөө хоёр нь цуг үйлдсэн гээд хэргээ хүлээсэн болохоор тэр. Ц.Амгаланбаатар хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ сүүлд нь татгалзсан бичигээ өгсөн. Энэ шинээр илэрсэн нөхцөл байдал мөн биз дээ. “Намайг дарамталсан энэ бүхэн худлаа. Энэ хэрэгт огт хамааралгүй гурван хүнийг би хэрэгт татсан. Эд энэ хэргийг үйлдээгүй. Би ч гэсэн энэ хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлэг өгсөн байна лээ.
-Та Т.Чимгээ, Д.Содномдаржаа нартай уулзсан. Биеийн байдал нь хэр байсан бэ?
-Бие махбод нь аймшигтай хохирсон гэж хэлж болно. Т.Чимгээгийн шүдний тал нь унасан байгаа. Бүх шүд нь хөдөлсөн байна лээ. Д.Содномдаржаагийнх ч ялгаагүй. 400 хоног агааргүй, усанд орох ч эрхгүй байнга зодуулна. Ариун цэврийн өрөөгүй нөхцөлд нар үзүүлэхгүй хорьсон байгаа юм.
-“ШИНЭ”-ийн анхдугаар Их хурал боллоо. Таныг эвслийн даргаар томилуулахаар заалнаас нэр дэвшүүлсэн. Та яагаад нэрээ татсан юм бэ?
-Бидний таван гишүүн албан тушаалын төлөө тэмцээгүй. Л.Оюун-Эрдэнэ сайд болохгүй гэдгээ хэлсэн ч бид хүчээр сайд болгосон. Бид албан тушаалыг тойрсон хийрхэл солиорлыг зогсоомоор байгаа юм. Иймээс манай нам албан тушаалын зодоон байхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, үлгэр жишээ байя гэж зорьсон. Намын гол зорилго нь шударга ёсыг тогтоохын төлөө нэгдсэн.
Манай нам ард түмэнд баялаг, газрыг нь өгнө шударга ёсыг тогтооно гэж зорьсон. Нэг иргэний эрх зөрчигддөггүй байхын төлөө ажиллана.
-Таныхаар шударга ёс гэж юу вэ. Та юу гэж тодорхойлох вэ?
-Хуйвалдаантай, мафийн сүлжээнд ороогүй, олон түмэнд ил тод нээлттэй олон түмнээр шийдүүлсэн энэ асуудал чинь шударга ёс. Нэг бүлэглэл гараад ирсэн дуртай хүнээ хэлмэгдүүлж, бүхнийг шийдэж байна. Гэмгүй иргэнд хэрэг тохдог байсан бол сүүлдээ подволд тамлаж байгаад хэрэг тохдог болох нь байна шүү дээ.
-О.Баасанхүү гишүүн АН-тай хамтарч ажиллан хүчтэй сөрөг хүчин болгох тухай ярьж байна. АН хүчтэй сөрөг хүчин болж чадах уу?
-АН-ынхан хариу өгөх байх. Би энд ямар нэгэн юм яриад байх шаардлага байхгүй. О.Баасанхүү бүлэглэлээсээ намайг доош нь хийх үүрэг авсан, намайг мөрдөн шалгаж байгаа учраас би түүнийг хурдан мөрдөн шалгалтаа дуусгаж миний нэрийг цэвэрлэж өгөөсэй гэж хүсч байна. Худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдэгдэл хийгээд байхаар сүүлдээ эрүүл ухаантай юу үгүй юу гэдэг нь ойлгомжгүй болоод байгаа юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (20)