Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.
-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарах вэ. Хуулийн гол ач холбогдлыг юу вэ?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа. Хуулийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн. 1997 онд Гэмт хэргээс сэргээлэх тухай хууль гэж байсан. Үүнийг Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болгож өргөжүүлж, өнөө цаг үеийн нөхцөлд байдалд тааруулж шинэчлэн найруулсан.
Хууль үндсэн таван чиглэлд хэрэгжинэ. Тусгайлсан болон нэг бүрчилсэн арга хэмжээ авч ажиллана. Тусгайлсан арга хэмжээ гэдэгт тодорхой нэг гэмт хэрэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, хүн худалдаалах, хар тамхи наймаалцах, архидан согтуурах хэрэгт тусгайлан үйл ажиллагаа явагдана гэсэн үг.
Нэг бүрчлэн гэдэг нь хууль хяналтын байгууллага шалгах шаардлагатай, урьдчилан сэргийлэх шаардлагатай, гэмт хэрэгт өртөж болзошгүй, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэр бүл, хүүхэд, сургуульд нөхцөл байдлаас нь шалтгаалж нэг бүрчилсэн үйл ажиллагаа явуулна.
Үүнээс гадна хуульд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлнэ гэсэн шинэ бодлого орж ирснээрээ ихээхэн онцлогтой. Урьд нь Монгол Улс гэмт хэрэг зөрчлийн талаарх ойлголт, мэргэшүүлэх мэдлэг олгох ажил, бага наснаас нь гэмт хэргээс сэргийлэх бодлого орхигдсон байсан. Харин энэ хуульд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэлээд түлхүү оруулж ирсэн. Энэ үйл ажиллагаа өргөн хүрээг хамарна. Тухайлбал, төрийн болон төрийн бус байгууллагын боловсон хүчнийг давтан бэлтгэх ажлыг тасралтгүй явуулна гэж хуульд тусгасан. Ингэж олон улсын хэмжээнд нийцсэн боловсон хүчин бэлтгэе гэж зорьсон. Учир нь эдгээр мэргэжилтний хийж чаддаггүй, туршлага дутдаг хэрэг байна. Тухайлбал, хүн худалдаалах, террорисст үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх ажиллагаа төдийлөн Монгол Улсад хөгжөөгүй учраас үүнд анхаарсан заалт, чиглэл оруулсан. Мэргэшсэн мэргэжилтнүүдийг их, дээд сургууль, олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж бэлтгэх юм.
Энд бидэнд анхаарууштай зүйл бий. Монгол Улсад биеэ хамгаалах чадваргүй иргэдийг хүчирхийлэх асуудал газар авч байна. Үүнд хүүхэд, эмэгтэйчүүд их өртөж байна. Яаж анхаарах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх судалгааг улс орон даяар хийнэ. Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллага нэгдсэн судалгаа, системд хамрагдах юм. Тухайлбал, улс орон даяар камержуулалтад хамрагдана. Мөн төсвийн мөнгөөр худалдан авч байгаа камеруудыг чанаржуулна. Чанаргүй камер худалдаж авснаас үүдэж нөгөөх нь салхи, бороотой үед эдэлгээ даахгүй хэрэглээнээс хасагдах тохиолдол их байна. Тиймээс төсвийн мөнгөөр худалдаж авч байгаа камержуулалтыг чанартай болгох шаардлагатай байгаа юм. Цаашлаад нэгдсэн сүлжээнд холбох хэрэгтэй байна. Ингэснээр гэмт хэргийн судалгаа явуулах, хэргийг хянаж шалгахад дөхөм болно. Өөрөөр хэлбэл, зөрчил гарах магадлалтай газарт урьдчилан сэргийлэх ажил хийхэд камержуулалт нэн хэрэгтэй байгаа юм. Тиймээс хуульд үүнийг тусгаж нэгдсэн сүлжээнд холбогдоно гэж зүйлчилсэн.
-Холбогдох бусад хуультай хэрхэн уялдаж байгаа вэ. Уялдаа, холбоотой болж чадсан уу?
-Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай нягт уялдаа холбоотой болсон. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгагдсан хамгааллын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм. Тэр дундаа хүүхдийн сэтгэлзүйд тохирсон боловсон хүчин, мэргэжилтнүүдийг дахин бэлтгэнэ.
Үүнээс гадна хүүхэд хамгааллын хуульд хэрэгжихгүй байгаа санхүү, зардлыг тодорхой хэмжээгээр олгох боломжуудыг нээж өгсөн. Улсын хэмжээнд аливаа зөрчлийг хянан шийдвэрлэдэг 30 гаруй байгууллага байна. Архидан согтуурахын эсрэг төв, Хүчирхийллийн эсрэг байгууллага, Мэргэжлийн хяналтын газар, Банк санхүүгийн зохицуулах хороо, Татварын байгууллагууд гэх мэт. Эдгээр төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ хүсвэл иргэд, иргэдийн холбоод, хуулийн этгээд болон хуулийн этгээдүүдийн холбоод сайн дурын санаачлагаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцож болно. Үүнд оролцож байгаа иргэд, төрийн бус байгууллагын идэвх санаачлага сайн байх юм бол төрөөс төрийн дээд одон медалиар иргэдээ шагнана. Үүнийг хуульд зүйл заалтаар тусгасан. Иймээс энэ хууль маань нийт ард иргэд болон нийгмийн идэвхийг сэргээхэд чиглэсэн гэж дүгнэж болох юм. Үүнээс гадна энэ үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаална. Үйл ажиллагаанд оролцож яваад осол гэмтэлд өртөж, бэртсэн байх юм бол тодорхой хэмжээний тэтгэмж, тэтгэлэг олгоно.
-Урьдчилан сэргийлэхэд зарцуулах мөнгийг нэмэгдүүлсэн юм билээ. Яг хэдэн хувиар нэмэгдүүлсэн юм бол?
-Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтаар арга хэмжээ авч төрийн санд төвлөрсөн мөнгөний 40 орчим хувийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэж заасан. Энэ нь урьдчилан сэргийлэх ажилд хангалттай хүрэлцдэггүй байсан байна. Тиймээс үүнийг торгууль, зөрчилд ногдуулж төрийн санд төвлөрүүлсэн мөнгөний 40 доошгүй хувийг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэж тусгасан. “Доошгүй” гэж заасан учраас 50, 60 бүр 100 хувийг ч зарцуулж болох нь байна шүү дээ. Миний бодлоор төвлөрсөн мөнгийг 100 хувь урьдчилан сэргийлэх ажилд зарцуулаасай гэж хүсч байгаа юм.
-Энэ хуульд сайшаалтай олон зүйл заалт тусгагдсан гэж сонссон. Жишээ нь?
-Хуульд орсон нэг эерэг зүйлийг хэлье. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бага байдаг. Тэгвэл хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газруудыг дэмжинэ, хамтарч ажиллана гэсэн заалт орсон. Эрх зүйн орчныг нь бий болгосон. Дэмжлэгийн хувьд яг ямар арга хэмжээг авахыг зохицуулах үүрэгтэй мэргэжилтэн анхаарч ажиллана. Дэмжлэг нь тодорхой байх ёстой. Үнэхээр гэмт хэрэг зөрчлөөс сэргийлье гэсэн сайд байх юм бол дэмжлэгээ бодитой үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Хууль гаргаж болно хамгийн гол нь хэрэгжүүлэлтэд хамаг учир нь байдаг.
-Хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарах юм бэ. Хэн хяналт тавих уу?
-Иргэд, иргэдийн холбоод, хуулийн этгээдүүд болох аж ахуй нэгж байгууллагууд төрийн байгууллагын ажиллагаанд хяналт тавьж хамтарна ажиллана гэсэн заалт бий. Гэмт хэрэг зөрчилтэй төрийн байгууллагууд тэмцэж чадаж байна уу, төлөвлөлт, хэрэгжилт нь зөв байна уу гэдгийг иргэд хянах боломжтой болж байгаа юм. Иргэдийн зүгээс санал оруулна, судалгаанд оролцоно. Үүнээс гадна нэг онцлох зохицуулалт бий. Энэ нь гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа зөвлөлүүдийн ажлын тайланг УИХ хоёр жилд нэг удаа, ҮАБЗ жилд нэг удаа авч хэлэлцэхээр заасан. Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлж ажилласан болон цаашид юунд анхаарах учиртайг УИХ, ҮАБЗ дээр анхаарал хандуулж ажиллана. Энэ нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа судалгаатай нарийн явуулъя. Явуулах ажлын санхүү зардалтай байя, нийт нийгмээрээ энэ ажиллагаанд хамтарч ажиллаж болно гэсэн өргөн утгатай хууль болсон. Мөн олон нийтийн байцаагч ажиллуулахаар зохицуулсан. Бас гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг урамшуулал, төлбөртэй авах хуулийн зохицуулалт оруулсан.
-Зөрчлийн тухай нэг мэдээллийг хэдэн төгрөгөөр үнэлнэ гэсэн үг вэ?
-Гэмт хэрэг, зөрчлийн торгуулийн хэмжээнээс шалтгаална. 200 мянган төгрөг хүртэлх торгуулийн төлбөртэй бол 20 хувийг нь, түүнээс доош бол 10 хувийг нь авдаг болно. Өөрөөр хэлбэл, “Тэнд нэг нөхөр хууль бус үйл ажиллагаа хийх гээд байна” гэсэн мэдээллийг өгч тэр мэдээлэл нь батлагдвал хуулиар урамшуулал өгнө гэсэн үг. Гэмт хэрэг, зөрчилтэй идэвхтэй тэмцэж байгаа иргэнд төрийн дээд одон медаль ч өгдөг болох тухай түрүүн хэлсэн шүү дээ. Ингээд нийгмийн идэвхийг сэргээх энэ мэт олон зүйл заалт орсон. Жишээлбэл, тэтгэвэртээ гарсан ахмад настан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх холбоо байгуулж замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар хүүхдүүдтэй ажиллаж болно шүү дээ. Автозамын хөдөлгөөний зохицуулалтыг талаарх мэдээллийг хүүхдүүдэд өгч, урьдчилан сэргийлэх арга замыг зааж болно гэсэн үг. Нэг жишээ дурдъя л даа. Намайг Япон Улсад явж байхад багш нар нь сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд хантааз өмсүүлчхээд гэрлэн дохиогоор нааш цааш олон дахин авч гарч байхыг хараад их гайхаж байлаа. Тэгсэн тэр багш нар хүүхдүүдийг ногоон гэрлээр гарахыг сургаж байсан юм билээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)