УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Лүндээжанцан нарын гишүүд энэ сарын 06-нд өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Н.Амарзаяа: Парламентын ардчиллыг төлөвшүүлж ард түмний засаглалыг хангана гэдэг нь хамгийн чухал асуудал. Тэр дундаа 1992 оны Үндсэн хуулийн заалтад газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч байна гэж заасан байдаг. Хуульд төрийн өмч байна хэмээн зохицуулсан хэрнээ бусад хуулиар энэ зохицуулалтыг алдагдуулж өнөөдрийг хүрлээ. Харин шинэчилсэн хуулиар нэг өгүүлбэр нэмсэн байна. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг хангана гэж тусгасан байна. Энэ нь ард түмний эрхийг бүрэн хангаж чадаж байгаа юу. Үүнээс гадна хуульд сум дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно гэж заасан. Гэтэл иргэдийн сонгосон Засаг даргыг аймаг, нийслэлийн удирдлага чөлөөлөх нь хэр зохимжтой вэ. Үүнээс гадна хуульд төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг хязгаарласан байна. Хязгаарлахдаа “Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй” гэсэн байна. Үндсэн хуульд бүрэн хязгаарыг тусгаж оруулах ёстой юм уу.
Мөн УИХ-ын гишүүний насны асуудал байна. Ерөнхийлөгч 55 настай байх босго тавьсан. УИХ-ын гишүүдэд насны хязгаар тавьж болоогүй юм уу. Ард иргэд үүнийг ярьж байсан шүү дээ.
Д.Тогтохсүрэн: Сум, дүүргийн засаг дарга ард түмнээс сонгогдож дээд шатны засаг дарга нар батламжилах юм. Аймаг, нийслэлийн засаг дарга нь сум дүүргийн засаг дарга нарыг чөлөөлж, батална хэмээн ерөнхийлж оруулсан. Үүнийг өөрчилж болно. Миний зүгээс үүнийг органик хууль буюу сум, дүүргийн засаг захиргааны хуулиар зохицуулж болно гэж бодож байна. Судлаачдын зүгээс ард түмнээс сонгогдсон хүнийг дээд шатны засаг дарга огцруулах, огцруулсны дараа үүрэг гүйцэтгэгч томилж байгаа нь хэр зохистой вэ гэж байгаа юм. Үүнийг явцын дунд анхаарч процессын нэг өгүүлбэр оруулж болно гэж бодож байна.
Г.Занданшатар: Хоёр асуултад хариулая. Нэгдүгээрт, Төсвийн асуудлаар. Парламентын засаглалтай улсад 76 Сангийн сайдтай болчихлоо гэсэн шүүмжлэл гардаг. Төсвийг тал тал тийш нь чирч үр ашиггүй хуваарилж тараалаа гэдэг. БНСУ, Герман, Стон, Грек зэрэг улсад төсвийг батлах үед парламентын гишүүн, байр сууриа илэрхийлэх явцдаа зарлага нэмэгдүүлэхийг хориглодог.
Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Төсвийн зарлагыг нэмэгдүүлэхийг хориглодог гэсэн үг. Төсвийн хяналт, төрийн аудитын шалгалт сайн байх ёстой. Засгийн газар хүнээ, мөнгөө мэдэж томилдог байх ёстой. Ингэснээр өрийн дарамтад орох, эдийн засаг хямрахаас сэргийлдэг. Гишүүний настай холбоотой асуудал хуулийн төслийн саналд тусгагдаж байсан. Тэр нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгагдаж байсан нь хэлэлцүүлгийн явцад хасагдсан.
Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэдэгт санал нэгдэж байна. Гэхдээ ард түмний зөвшилцөл хийж эхлэх ёстой. Ерөнхийлөгч, улс төрийн намуудтай ойлголцоогүй, олон нийт мэдээллээр дутмаг байхад үүнийг хэлэлцэж цааш явуулана гэдэг хүнд. Гишүүдийн асуултад тодорхой бус байдал их гарч байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж байгаа төсөл чинь үндсэн хуулийн суурь зарчимаа хөндсөн эсэхийг Цэцээс асууж болдоггүй юм уу. Нутгийн удирдлагын асуудлаар Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж байна уу гэж харж байна. Энэ хууль Финлианд ч юм уу европын улсуудын хууль биш. Би ТОГТОЛЦОО гэдэг үгт ач холбогдол өгч байгаа юм. Тогтолцоо пропорциональ байж намын хариуцлага өндөрснөөр парламентын эрх, Засгийн газрын эрх бүрэн утгаараа хэрэгжинэ. Түүнээс биш мажоритар тогтолцоотой байхад Засгийн газарт төсвийн эрх мэдлийг хэд дахин нэмэгдүүлсэн ч явахгүй. Үндсэн хуулийг хүнд байдалд оруулна.
Р.Хишиг
Сэтгэгдэл (1)