Өнгөрсөн долоо хоногт иргэн Т.Энхсайханыг жагсаал цуглаан зохион байгуулбал нөхрийг нь ажлаас нь хална гэж сүрдүүлсэн талаар мэдээллэсэн билээ. Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Б.Баатархүү өнөөдөр /2019.06.17/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Цагдаагийн алба хаагчидтай холбоотой буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. АН-аас 2019 оны зургадугаар сарын 11-нээс 14-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт жагсаал зохион байгуулах талаарх мэдэгдлийг тус дүүргийн цагдаагийн газарт хүргүүлсэн. Үүнийг тус дүүргийн Тамгын газраас жагсаал цуглаан хийх шаардлага хангахгүй байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгчээ.
Ингээд татгалзсан хариу өгсөн хэдий ч АН-ынхан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан.
Энэ нь Монгол Улсын жагсаал цуглаан зохион байгуулах журмыг зөрчсөн тул цагдаагийн байгууллагаас албан мэдэгдэл шаардлага өгсө. Гэтэл үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээр байсан. Үүнтэй холбогдуулан Зөрчлийн хуулиар хэрэг бүртгэл зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлийн ажил явуулж эхэлсэн.
Мөн энэ сарын 12-нд АН-аас дахин жагсаал, цуглаан зохион байгуулсан. Ингэхдээ Гэрлэх ёслолын ордны өмнө талбайд зохион байгуулна гэж зөвшөөрөл авсан ч байрлалаа өөрчлөн зөвшөөрөлгүй газар буюу Австрали Улсын Элчин сайдын яам байрлах талбайд жагсаал, цуглаан зохион байгуулсан. НҮБ-ын дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвецид зааснаар аливаа улс орны дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хүлээн авагч улс хариуцна гэж заасан байдаг. Дипломат төлөөлөгчийн аюулгүй байдалтай холбоотой асуудал үүссэн учраас жагсаал зохион байгуулагчдад цуглаанаа тараах шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьсан.
Улмаар жагсаал зохион байгуулагч Т.Энхсайханы зүгээс цагдаагийн алба хаагчид "Дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь хална" гэж дарамталсан гэх мэдээллийг тараасан. Үүнийг ташаа худал, мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Т.Энхсайхан гэх иргэний гэр бүлийн хүн цагдаагийн байгууллагад удирдах албан тушаал хашдаг. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэний гэр бүлийн хүнийг цагдаагийн байгууллагаас дарамталж, ажлаас нь халах гэсэн зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье" гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (11)