Жастын Ш.Батхүүгийн болон түүний хамаарал бүхий этгээдийн 98 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий 185 обьектийг өнгөрсөн 2018 оноос битүүмжилсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэд хоногийн өмнө мэдэгдсэн билээ. Уг жагсаалтыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гаргасан бөгөөд дээрх хөрөнгөнөөс гадна дахиад “нууц” хөрөнгө байх магадлал гэсэн мэдээлэл бий.
Ямартай битүүмжилсэн гэх дээрх хөрөнгийн 2.6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав буюу Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг болон тус үйлдвэрийн хуулийн хэлстийн дарга асан Б.Мөнхжаргал нарын хөрөнгө аж.
Хууль хяналтын байгууллагын шалгалтын эхний удаад Ж.Батхүү нь “Нэр бүхий хүмүүстэй үгсэн хуйвалдах замаар Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандартад банкны барьцаанд тавьсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэвч “аавын” хаалга татснаас хойш мэдүүлгээсээ буцаж, “Ч.Ганзориг нар ямар ч хамааралгүй ээ. Би гарын үсгийг нь дуурайлгасан юм аа” гэж мэдүүлсэн гэх.
Одоогоор хэрэг хэрхэн шийдэгдэх, цаашлаад үнэхээр тус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг тэргүүтэй хүмүүсийг хамааралтай эсэхийг тогтоож чадаагүй л байна. Гэтэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэзээ мөдгүй буюу ирэх 2021 онд дуусах хуулийн хугацаа тулчихаад байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Ямартай Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилсэн. Гэхдээ эдийн засагчдын харж буйгаар түүний хөрөнгө гээд байгаа зүйлийн дийлэнх нь “үхмэл” буюу үнэ цэнэгүй гэх яриа бас бий.
Үхмэл ч байна уу, юу ч бай. Түүний хөрөнгийг битүүмжилсэн нь үнэн. Одоо ямар асуудал тулгарах вэ гэхээр бусдын нэр дээр шилжсэн гэх эдгээр хөрөнгийг хэрхэн буцааж авах бэ гэдэг асуудал. Эл асуулттай зэрэгцээд бас нэгэн асуултыг АТГ болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс асуух хэрэгтэй болов уу.
Энэ нь .... хууль хүчний байгууллагаас эл хэрэгт хамгийн түрүүнд Ш.Батхүүгээс гадна Эрдэнэтийн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарыг хамаатай гэж үзэн шалгасан. Тиймдээ ч яллагдагчаар татаад буй. Гэтэл Ш.Батхүүгийн хөрөнгийг хуу хамсан атлаа нударган баян гэгдэх Ч.Ганзоригийн ердөө 2.2 тэрбумаар үнэлэгдэх орон сууцыг битүүжилсэн нь ямар учиртай юм бэ. Уг нь хуулийн байгууллагаас сэжигтэй байна аа гээд яллагдагчаар татсан. Тийм байхад олон тэрбумаар үнэлэгдэх “Говь цогцолбор” буюу эхнэр Д.Дэнсмаагийнх нь өмч, “Ханбүргэдэй” их дэлгүүрийн хүргэн, төрсөн хүү болох УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, бага охиных нь хөрөнгийг яагаад орхигдуулав.
Тодруулбал, Ч.Ганзоригийн өөрийн нэр дээрх Зайсан дахь 527.61 м.кв талбай бүхий 1.950.540 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцыг 2018 оны наймдугаар сарын 30-нд битүүмжилсэн байна.
Мөн 247.914.5 сая төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг дэх Хүннү-2222 Их Монгол Улс гудамжны 112 дугаар байрны 79.98 м.кв орон сууц, Орхон аймаг буюу Эрдэнэд дэх 38 м.кв талбай бүхий 88.740 сая төгрөгийн орон сууцыг мөн битүүмжилжээ. Хамгийн хачирхалтай нь энэ хоёр орон сууц нь Ч.Ганзоригийн нэр дээр бүртгэлгүй. Бүр эхнэр “Говь цогцолбор”-ын захирал Д.Дэнсмаа, УИХ-ын гишүүн болох хүү Г.Тэмүүлэн, цаашлаад охиных нь ч нэр дээр биш аж. Гэтэл Ч.Ганзоригийн “даалгавар”-аар урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан гэх Г.Амарбат гэж хүний нэр бүртгэлтэй юм байна.
Эндээс л яагаад Ч.Ганзоригийн хамаарал бүхий этгээдийн буюу эхнэр, хүү, охиных нь нэр дээрх хөрөнгийг битүүмжлээгүй юм бэ. Улсад олон зуун сая ам.долларын хохирол учруулсан хэрэгт холбогдсон яллагдагчийн 2.2-хон тэрбум төгрөгийн хөрөнгийг нь битүүмжилсэн нэрээр энэ хэргийг хаах гэж байгаа бол төр түмэн нүдтэй шүү гэдгийг энд нэхэн сануулъя.
Д.Тулга
Сэтгэгдэл (36)