Өнгөрч буй энэ долоо хоног улс төрийн гэхээс илүүтэй нийгэм тэр дундаа шүүх засаглалын салбарт гал авалцсан үйл явдлаар дүүрэн байв.
Нэн тэргүүнд онцлох ёстой үйл явдал нь Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийг түдгэлзүүлсэн бөгөөд эдгээр шүүгчдийн дунд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр шалгагдаж байсан гурван шүүгчийн нэр дурдагдсан нь анхаарал татсан юм. Салхитын мөнгөний ордтой холбогдох хээл хахуулийн хэргийг АТГ-аас шалгах хүрээнд гавьяат хуульч асан Л.Бямбааг Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Гэвч шүүгч амиа алдсан нь эл хэрэг замхрах тийш хандах нь гэж иргэд хардсан ч улстөрчдийн дунд тэр дундаа Ерөнхийлөгчид нэг бодол байсан бололтой. Энэ нь нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлэх замаар шалгасан нь “Төр төмөр нүүртэй” болохыг баталсан юм.
Харамсалтай нь, шүүгч нарыг түдгэлзүүлж, улмаар гэр болон албан тасалгаанд нь нэгжлэг хийх үеэр шүүгч Л.Бямбаа агсны хүү, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгуулж байсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ руу гарсан юм.
Улмаар биедээ их хэмжээний мөнгөтэй явсан, АНУ-аас оргонол хүссэн гэх мэдээлэл бий. Энэ нь албан ёсоор батлагдаагүй ч “Олны үг ортой” гэдгийг сануулах илүүц биз ээ. Үүнтэй зэрэгцээд нийгэмд бас нэгэн дуулиан дэгдсэн нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заадах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг өөрийгөө өмгөөлж мэдэгдэл хийсэнтэй холбоотой. Тэрбээр өөрийгөө нэг ч хууль үйлдэл гаргаж байгаагүй, хахууль авч байгаагүй гэж мэдэгдсэн нь олон нийтэд таалагдаагүй. Шүүгч өөрийгөө ийн өмгөөлж, олны анхаарлыг татахтай зэрэгцэн нэр бүхий хоёр шүүгчийг цагдан хорих шийдвэр гарсан нь “Шүүх салбар дахь цэвэрлэгээ” эхэлснийг нэг мөсөн батлан харуулсан юм.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг 30 хоног таслан сэргийлэх шийдвэр гаргасан юм. Тэднийг өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Бусад шүүгч нарын хувьд мөн л шалгагдаж байгаа бөгөөд шаардлагатай гэвэл таслан сэргийлэх арга хэмжээ авна гэх мэдээлэл мөн л бий.
Дээрхээс гадна бусдын амийг аврах гээд өөрөө амиа алдсан харамсалтай хэрэг энэ долоо хоногт гарав.
Тодруулбал, энэ сарын 2-нд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А”-гаас “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна...” гэсэн дуудлага ирсэн байна. Энэ дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийсэн байна. Гэтэл иргэн “Ж” голын ус руу орж, урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орсон байна. Ингээд иргэн “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их байсан учир хоёулаа амиа алдсан юм. Ийнхүү мөрдэстэй эрчүүдийн эгнээ нэгэн эрхлэг хүүгээр цөөрч монголчууд эмгэнэн гашуудав. Харуусалтай энэ хэргийн улмаас талийгаачийн бага насны хоёр хүүхэд өнчирч хоцорсон юм Зэвсэгт хүчинд эмгэнэлтэй явдал ар араасаа гарах болсон. Хэдхэн сарын өмнө нэгэн цэрэг өөрийгөө буудсан бол их хэмжээний байлдааны сум алдагдсан хэрэг гарсан. Уг хэргийг хууль хүчний байгууллага шалгаж байгаа бол хариуцлага алдсан ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Зэвсэгт хүчинд үүсээд буй эл хариуцлагагүй үйлдлийн араас Онцгой байдлын алба хаагчдад баярт үйл явдал тохиогоод байна. Энэ нь аврагчид тун удахгүй гал унтраах 15 машинтай болох гэж байна. Угтаа бол тус албыг чадвахжуулж, бусдын гар харуулахгүй байх нь Шадар сайдын үүрэг. Гэвч энэ тогтолцоо өнөөдрийг хүртэл хангалттай бүрэлдээгүйн улмаас онцгойгийн алба хаагчид өнөөдрийг хүртэл аврах үйл ажиллагааг "гар нүцгэн" хийсээр ирсэн гэхэд хилсдэхгүй юм.
Нийгэмд болсон үйл явдалтай зэрэгцээд монголчуудын олон жил хүсэн хүлээсэн бүтээн байгуулалт шил шилээ даран ашиглалтад орсоор байна.
Японы Засгийн газрын концессоор боссон Хөшигтийн хөндийн Нисэх онгоцны буудал өчигдөр нээлтээ хийсэн юм. Онгоцны зурваст МИАТ компанийн агаарын хөлөг эхний газардалт хийсэн. Үүнтэй зэрэгцээд хурдны зам ашиглалтад орсон нь бас л нүдээ олсон шийдэл байв. Түүнчлэн Замын цагдаагийн газрын өмнөх гүүрэн гарцын барилгын ажил 65 хувьтай байгаа бол Налайхын замын гүйцэтгэл мөн 60 хувьтай үргэлжилж байна.
Эдгээр бүтээн байгуулалт нь он дамжин яригдсан. Энэ хэрээрээ нийслэлчүүдэд хүлээлт дагуулсан ажил юм. Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Уг баяр наадмын бэлтгэл ажилтай холбогдох албаныхан шалгалт хийж, хэрэгжилтийг хангаж байна. Энэ жилийн баяр наадмаар цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжиж ажиллах юм. Харин онцгой байдлын 100 гаруй алба хаагчид завьт болон морин эргүүл хийж ажиллана.
Харин мэргэжлийн хяналтын газраас Хүй долоон худагт хараа хяналт тавин ажиллахаар бэлтгэл ажлаа базаагаад байна.
Тодруулбал, жил бүрийн баяр наадмаар унаач хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох явдал олноор гардаг. Тиймээс даатгалд хамруулсан эсэх, хамгаалалтын хувцас өмсгөсөн эсэхийг нарийн нягт шалгах юм. Түүнчлэн хамгаалалтын хувцасыг Хүй долоон худагт худалдах цэг гаргахаар болсноороо онцлогтой. Зуны энэ үеэр ард иргэдийн дунд махны хэрэглээ огцом өсдөг учир дагаад махны ханш өсөх хандлагатай байдаг. Энэ жилийн хувьд амьд хонь, ямаа 150-280 мянган төгрөгийн ханштай байна. Энэ нь өнгөрсөн 2018 оны наадмын үеэс өндөр ханштай байгаа юм. Түүнчлэн энэ үеэр малын хулгай ихсэх хандлагатай байдаг. Тиймээс цагдаагийн алба хаагчид автозамын пост болон хулгайн замуудад хяналт тавин ажиллаж байна Малын хулгайтай ийн цэмцгэр зуур нэгэн сайхан мэдээ олныг баясгасан юм.
Энэ нь малыг хөлөөр нь хил давуулахгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан юм. Гэвч эл шийдвэр нь өнгөлөн далдлалт гэдгийг УИХ-ын гишүүн Пүрэвдорж мэдэгдсэн юм. Тэрбээр Засгийн газрын эл тогтоолтой холбогдох бусад тогтоолыг хүчингүй болгоогүй. Ингэснээр нь малыг хөлөөр нь хил давуулахгүй гэсэн шийдвэр хэрэгжих боломжгүй болно хэмээсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ард иргэдийг хуурч, нууцаар малыг хөлөөр нь гаргах гэж байна гэлээ. Дээрхтэй зэрэгцээд 126 айлын орон сууц барих барилгын явж хоёрхон айлын эрх ашгаас болж хойшилсон бол үүнийг нь хөлд гурван иргэн хэлмэгдэж, эрүүл мэндээрээ хохироод байна. Ийнхүү нэг дор олон үйл явдал зэрэгцэж, ард нийтийн зуны амралт албан ёсоор эхэлж, найр хавтгайрдаг улирал эхэллээ.
Г.Эрдэнэ