Нийтлэлч Баабар ингэж бичжээ. “С.Баярыг магтаж, ойлгож, хүндэлж байгаа хүмүүсийн тоо сүүлийн хэд хоногт асар их өслөө. Цаазал, алаад өг, долоон байшин, голомтыг нь харлуул, буудая гэх өнөө нэр нүүрээ нуусан идэвхтнүүд хэлдгээл хэлсээр авч илт доройтжээ, хөөрхийс. Шинэ юм сэтгэхгүй бол шан харамж нь багасч байгаа даа?” гэж. Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баярын “Жаран хоног, Жараны бутархай” номын дагасан уншигчдын шүүмжлэл, магтаал, эргэцүүлэлд тэрбээр ийн дүгнэлт өгчээ.
Сонирхолтой нь, Ерөнхий сайд асан С.Баярын эл номонд Тавантолгой тэр дундаа төмөр замын асуудлаар өмнө дурдагдаад өнгөрсөн нэг баримтыг дэлгэжээ. “Муужруулах шахсан МОU” гарчигтай 2018 оны зургадугаар сарын 4-нд бичсэн түүний эл “ой санамж”-д ийн бичжээ.
“2009 оны гуравдугаар сар шиг санагдаж байна. Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа үүрэг өгч, дэд сайд А.Гансүхийг тун ноцтой нэгэн баримтад гарын үсэг зуруулсан байдаг. Би түүнийг нь санаандгүй шахуу мэдсэн нь аз болсон. Тэр нэгэн өдөр БНХАУ-ын Элчин сайд надтай яаралтай утсаар ярих хүсэлтээ Гадаад яамаар дамжуулан уламжлав. Хөрш орны Элчин сайд “яаралтай” хэмээн тодотгон Ерөнхий сайдтай шууд холбогдох хүсэлт тавина гэдэг эгзэгтэй. Юу ч болсон юм билээ? Гадаад яам, гадаад бодлогын бодлогын зөвлөхөөсөө асуутал тэд мэдэж, таамаглаж байгаа юм алга.
Юутай ч утсаар холбогдлоо. Тэдний ажилтан хэлмэрчилж байна. Элчин сайд надад шууд л баяр хүргээд унав...
...Таны тэргүүлсэн Засгийн газар түүхэн ийм шийдвэр гаргаж байгаад манай тал маш их талархаж байна...
Би юу ч ойлгосонгүй, гайхаад сонсоод л байлаа. Яриаг лнь сонсвол БНХАУ-ын төмөр замын дэд сайд манайд ирээд буцсан, Зам тээврийн яаман дээр чухал баримтад гарын үсэг зурсан, тийм учраас “онцгой өдөр тохиолоо” гэж байгаа аж...
Тэр дор нь Х.Баттулга, А.Гансүх хоёрыг дуудуулж, гарын үсэг зурсан гэх тэр баримтаа аваад ир гэж хэлүүлэв. Тэр хоёр ч удалгүй ороод ирлээ. Гарын үсэг зурсан баримтыг нь уншлаа. Ашгүй гэрээ биш MOU буюу Ойлголцлын Санамж бичиг байна. Хэлбэр нь харьцангуй гэмгүй ч агуулга нь аймшгийн юм харагдав. Хоёр нүдэндээ итгэсэнгүй.... Энэ баримтын дагуу явц өрнөх юм бол Монголын газар нутаг Хятадын нэгэн муж мэт тэр чигтээ “нарийн” царигийн төмөр замын сүлжээтэй болох аж. Дээр нь Тавантолгойн нүүрсний орд газар БНХАУ-ын хөрөнгө оруулагч аль нэг компанийн бүрэн мэдэлд очиж таарах нь. Өөр юу юу ч гэнэ вэ, муужирч унамаар... Юу вэ? Юу болж байгаа нь энэ вэ?
Асуулаа. Юм дуугарсангүй. Дахин асуулаа. Тэгтэл Баттулга сайд “Та л өөрөө Хятадтай сайн харилцаатай байх ёстой. Төмөр замын асуудлаараа хэлэлцээр хий гээ биз дээ” гэж байна. Уур шатаад явчихлаа. “Харилцаа хөгжүүлнэ гэдэг хамаг юмаа тавиад туучихна гэсэн үг биш, Баттулга сайд аа. Хэлэлцээ хийхдээ тулвал танд Засгийн газраас баталж өгсөн албан ёсны удирдамж байгаа. Тэнд чинь ийм элий балай юм ороогүй байх шүү” гэлээ. Сайд, дэд сайд хоёр таг дуугүй сууна.
“Ийм юманд гарын үсэг зур гэж хэн танд хэлэв, дэд сайд аа. Та уг нь хууль мэргэжилтэй байх аа” гэж Гансүхээс асуулаа. Тэр Баттулга руу дохиж байна. “Та асуултад ном ёсоор нь хариул. Хэлгүй болчихоогүй биз дээ” гэж дуугаа өндөрсгөв.
“Баттулга сайд надад үүрэг өгсөн” гэж сулхан дуугарлаа” гэсэн байна.
Ерөнхий сайд асан С.Баярын бичсэн үнэн бол нэгэн цагт нарийн царигтай төмөр замаар дамжуулж Монголын баялгийг урд хөрш рүүгээ зөөж дуусгах нь гэсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын байр суурь, түүнийгээ “бат” илэрхийлж ирсэн нийтлэл, нэвтрүүлэг нь ор үндэсгүй Монголын нийгэм, улс төрийн хүрээнд шидсэн, тэгээд үр дүнг нь үзэх гэсэн тандалт болж таарах нь.
Үүнээс гадна Ерөнхий сайд асан М.Энхсайхан 48 цаг саатуулагдаад гарч ирэхдээ бас нэгэн нийтлэл бичсэн нь нийгмийн анхаарлыг татах сэдэв болов. Учир нь, түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Тавантолгойн ордыг бусдад өгөх байсан гэх үндэслэлээр саатуулан шалгасан юм.
Тэрбээр “ТТ Зохиомол хэрэгт баримт түшсэн Хариу -1” нийтлэлдээ дээрх асуудлаар бичсэн юм. Ингэхдээ “Ерөнхийлөгчийн шадарлагч З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай үзэглэхээр бэлтгэсэн Төслийг УИХ-ын албан ёсны сайтад байрлуулж, худал мэдээллээр нийгмийг цочирдуулж байсан нь мартагдаагүй байна. Тэр үед хүмүүс уншаагүй, худал яриа, худал үгэнд итгэчихсэн шиг байгаа юм.
Одоо тэрхүү төслийг бүтэн эхээр нь интернэт орчноос олж үзье гэхээр олдохгүй байгаа юм байна. УИХ-ын сайтад ил байсан гэрээний төсөл нь миний эсрэг “хэрэг зохиох”-д хэрэггүй болоод сайтаасаа авчихсан бизээ гэж бодож байна.
Мегатөсөл том гэдгээсээ илүүтэй, ярвигтай олон асуудлыг багтаадаг, олон сонирхлын уулзвар, огтолцлыг олох шаардлагатай, улс төрчдийн болон олон түмний зүгээс хардлага, сэрдлэг ихээр дагуулдаг гэдгийг тухайн үед хэлж ярьж байсан маань интернэт орчинд бичлэг хэлбэрээр олноор үлдсэн байгаа.
Тиймдээ ч төслийг хийхдээ ил тод байлгасан маань хожмоо надад болон олон хүнд хэрэг болж байгаа, цаашид ийм байх учиртай юм. Ил тод хийгдээгүй төсөл болгон хардлага сэрдлэг дагуулна. Тийм төсөл бүтэмжтэй байх үндэсгүй болдог.
Энэ төслийг бүтээчих гээд зүтгэж байсан олон залуусыг хараад Монгол өөрийн чадамжтай болж байгаа юм байна гэж баярлаж байсан юмсан. Харамсалтай нь ТТ Төсөл бүтээгүй. Шил мэт хагаран унасан.
Бүтэлгүй төсөлтэй байж билээ гэж муу дурсамжаар цаашид ажлаа явуулдаг дэлхийн компани гэж байдаггүй. Дотоод гадаадын компаниудын нэр хүндэд сэв суулгахгүй гэдэг үүднээс миний хувьд Гэрээний төслийг ил тавихаас өнөөг хүртэл түдгэлзсээр ирсэн.
Үнэнийг хэлж худлыг баримт түшэж няцаах үүднээс ТТ-той холбогдолтой мэдээллийг ээлж дараатай нээлттэй болгоно оо. Энэ нь нийтийн боловсролд ч хэрэгтэй байна. Монгол, Хятад, Японы тал намайг уучилна биз ээ” гэжээ.
Ардчиллын анхны Ерөнхий сайд М.Энхсайхан болон Ардын намын ээлжит намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн нар ээлж дараалан ийн дурдатгал бичсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу. Харин Тавантолгой хэмээх тавган дээр тавьсан “хоол” улстөрчдийг өөр хооронд нь мэтгэлцүүлдэг дэлхийн хэмжээний орд газар, түүнийг дагасан төмөр замын эрх ашиг өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд яагаад гацаж ирсний нэгээхэн учиг байж мэдэх. Цаашлаад Тавантолгойтой холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан, М.Энхсайхан, С.Баяр нарын араас үнэнийг дэлгэх дараагийн хүн нь хэн байх вэ гэдэг нь өнөөдөртөө асуулт хэвээр үлдэж байна. Ч.Сайханбилэг үү, түүнээс өмнөх Сү.Батболд уу, эсвэл одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үү үүнийг цаг хугацаа л харуулна.
С.Сүлд
Сэтгэгдэл (11)