Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Сүхбаатар аймгаас гавьяат төрлөө. Тодруулбал, Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй Б.Сүхбаатар гавьяат цол хүртсэн юм.
Тэрбээр 1970 онд Улаанбаатар хотын багшийн сургууль, 1985 онд УБДС /хуучин нэрээр/-ийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгсжээ. Одоо аймгийн “Амжилтын талст” нийгэмд үйлчлэх ТББ-ыг удирдан ажиллаж байна. Б.Сүхбаатар нь ОХУ, БНСУ, Удирдлагын академид хэд хэдэн удаа төрийн удирдлагаар мэргэжил дээшлүүлж богино хугацааны зорилтот сургалтанд тогтмол хамрагдаж ирсэн төрийн албаны мэргэшсэн, жинхэнэ албан хаагч ажээ.
Тэрбээр Б.Сүхбаатар нь нийт 43 жил ажиллахдаа төрийн анхан болоод дунд шатанд ажилласан бөгөөд сүүлийн 24 жилд нь дунд шатанд буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Түүний хувьд “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинээр батлагдан мөрдөгдөж эхлэх тэр үетэй давхцан төрийн захиргааны дунд шатны байгууллагыг удирдаж аймаг, орон нутгийн байгууллагуудын зах зээлийн харилцааны нөхцөлд ажиллах хөрс суурийг зөв тавьж, бүрдүүлэхэд өдөр тутмын удирдлага, арга зүйгээр хангаж, байгууллага хамт олныг шинэчилсэн бүтцээр ажиллуулан төлөвшүүлэх, тэнд ажиллагсадыг сургаж бэлтгэн мэргэшүүлэх, улмаар ажилд нь дадлагажуулан сургахад бодитой үүрэг гүйцэтгэсэн” байна.
Тэрбээр 1995 онд “Төрийн албаны тухай хууль” мөрдөгдөж эхлэхэд түүнийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг анхнаас нь гардан зохион байгуулж, төрийн албаны стандартыг төрийн захиргааны дунд болоод анхан шатны байгууллагуудад мөрдүүлж хэрэгжилтийг хангуулж ажилласан юм.
Сүхбаатар нь аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулан мөрдүүлж байгаагийн дээр Зүүн бүсийн хөгжлийн болон “Тогтвортой амьжиргаа” төслийн хөтөлбөрүүдийг боловсруулахад аймгийнхаа ажлын хэсгийг ахалж шинэчлэн боловсруулж ажиллаж байсан билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)