Нар хур тэгширсэн зуны дэлгэр цаг талдаа орж, монгол түмний жил хүлээсэн баяр хаяанд ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ, Өмнөговь аймаг, Налайх дүүрэг баяр наадмаа зохиожээ.
Энэ наадмуудын бөхийн барилдаанд хэн түрүүлж, цол чимэг хүртсэнийг хүргэж байна. Налайх дүүргийн 97 жилийн ойн баяр наадамд 256 бөх барилдахад Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн начин Доржготовын Батбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ.
Харин Сэлэнгэ аймгийн байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадамд аварга Г.Эрхэмбаяр, харцага Т.Өсөх-Ирээдүй тэргүүтэй 256 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлснээр хурц чимэг нэмлээ. Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, Батмөнх Даян Сэцэн хааны мэндэлсэний 555 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайхан, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх хүч үзэхэд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат аймгийн харцага М.Адъяахүү түрүүлж, арслан цол хүртлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)