Улсын аварга Ч.Санжаадамба саяхан мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Монголын үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг хуралдаад сэргээчихсэн байна. Энэ бөхчүүдийн маань барилдах эрхийг цуцалсан хугацаа нь дуусаагүй байгаа. Холбоо шийдвэрээсээ буцаж байгаа үйлдлийг ойлгохгүй байна. Монголын Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй төрийн бус байгууллага. Гарын таван хуруунд багтах хүний эрх ашгийн төлөө 1,000 бөхийн эрх ашгийг хөндөж болохгүй биз дээ.
Би бөхчүүдийг эсэргүүцээгүй ээ. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэртэй л санал нийлэхгүй байна. Монгол бөх шударга байх ёстой, дэлхий нийтээрээ допингийн эсрэг тэмцэж байна.
Допингийн хэрэглээ газар аваад байна. Өнөөдөр сумын заан цолтой бөх шинжилгээнд бүдэрч байгаа нь үүнийг илчилж байгаа хэрэг. МҮБХ энэ асуудалд хариуцлагатай хандахгүй бол даамжирч монгол бөх мөхөх хүртэл эрсдэлтэй.
Допинг чинь удмын санг устгадаг хор уршигтай эд шүү дээ. Аав нь барилддаг бол хүү нь дуурайгаад бөх болдог энэ уламжлал үгүй болно. Ирээдүйд энэ их өв соёлыг бөхчүүд бидний үр хойч тээж авч явна. Үүнийг залуус ухамсарлах хэрэгтэй. Ийм хортой зүйлийг хэрэглэхгүй байхыг би бөхчүүдээсээ аварга цолтой хүний хувьд хүсэж уриалж байна. Спортод шударга байж л үзэгчдээ татна” гэсэн билээ.
Тэрбээр допинг хэрэглэсэн бөхтэй барилдахгүй гэдгээ илэрхийлсэн нь энэ. Уг хүн нь, уул шугам нь түүнийг ингэж хөтөлжээ. Цаашлаад допинг хэрэглэсэн бөхчүүдийн өргөдлийг МҮБХ-ны тэргүүлэгч гишүүд хэлэлцээд, тэргүүлэгчдийн дийлэнхийн саналаар барилдуулахаар шийдвэрлэсэн юм.
Ингэхдээ Тэргүүлэгч 15 гишүүнээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, улсын тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар барилдуулахыг зөвшөөрсөн байдаг.
Харин улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Г.Элбэг, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй бөх судлаач Б.Цогтбаатар нар дэмжээгүй аж.
Хамгийн гол нь Үндэсний бөхийн салбар хорооны хурлаас 2017, 2018 онуудад сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэснийг тогтоосон найман бөхийг энэ жилийн наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан гэж тус хорооны нарийн бичгийн дарга Д.Жанчивдорж хэлжээ. Эндээс харахад Улсын аварга Ч.Санжаадамба барилдах нь. Нэг үгээр тэрбээр ялалт байгууллаа. Өөрөөр хэлбэл, допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн бөхтэй барилдахгүй гэсэн түүний тэмцэл ёсоор болж байх шиг.
2017 онд сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг зарлахад
А сорцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн 4 бөхөөр:
-Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш
-Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр
-Сүхбаатар Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай нар тодорч байв.
Харин 2018 онд итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоосон Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацабшир, Улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцсон байдаг. Гагцхүү хоёр жилийн хугацаанд сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэснийг нь тогтоосон эдгээр бөхчүүд хоёр хуваагдсан Бөхийн холбооны шугамаар Үндэсний Их баяр наадмын дэвжээнээ зодоглосон тохиолдолд Улсын аварга Ч.Санжаадамба барилдах уу гэдэг нь асуудал хэвээр үлдэж байна.
С.Гансүлд
Сэтгэгдэл (20)