Говь-Алтай аймгийн Халиун сумын түүхт 60 жилийн ойн баяр наадам энэ сарын 3-6-нд болов. Наадмын үеэр сум орон нутгаасаа төрөн гарсан анхдагч алдартнуудынхаа нэр алдарыг мөнхжүүлэх зорилгоор хэд хэдэн хөшөө сүндэрлүүлэн босгосон байна. Эндээс онцолж нэрлэвэл, тус сумаас төрсөн улсын өсөх идэр начин Дүгэрийн Цэрэндаш начны хөшөөний нээлт болсон бөгөөд нээлтийн ёслолд олимпийн наадмын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр хүндэт зочиноор уригджээ. Аварга хөшөөний нээлтэд Д.Цэрэндаш начны талаар юу өгүүлснийг хүргэе.
Д.Цэрэндаш начны маань хөшөө төрөлх нутагт нь сүндэрлэж байгаад сэтгэл өндөр байна. Би начныг бага байхын мэднэ. 2001 онд Говь-Алтай аймагт үндэсний бөхийн тэмцээнд оролцохоор анх ирэхдээ Д.Цэрэндаш начинтай танилцаж байлаа. Тэгээд тэмцээн уралдаандаа түрүүлж, ахтайгаа илүү дотно танилцсан. Дараа нь хоёр жил дараалан энэ нутагт ирсэн. Ах маань надад бөхийн мэх заахаас гадна биеэ хэрхэн зөв авч явах талаар зөвлөдөг байлаа. Энэ тэмцээнээс миний бөхийн замнал эхэлдэг юм.
Д.Цэрэндаш ах тэр үед “Миний хүү сайн хичээж, бэлтгэлээ улам чамбай хийвэл сайн бөх болохоор байна” гэж хэлж байсан. Үнэхээр бөх сайн таньдаг хүн, урам өгсөнд нь их бэлгэшээдэг. Алдартай бөхийнхөө хөшөөг нутагт нь сүндэрлүүлнэ гэдэг бол тухайн нутгаас бөх олон төрөн гарах үйлсийг бадраан дэлгэрүүлж байгаа зүйл ээ. Ингээд Халиунчууд та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)