Засгийн газар болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Авлигатай тэмцэх газраас дээрх үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах талаар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн байна.
Зөвлөмжид түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг зорилтот бүлгийн ангиллаар нь ил тод мэдээлж, цахим хуудсандаа байршуулах, бүртгэлд авагдсан мэдээллийг эрэмбэлсэн байдал, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангасан байдал, сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар иргэд, олон нийтэд нээлттэй байлгаж хяналт тавих боломж олгох, иргэдээс холбогдох материалыг хүлээн авахдаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах явцад оролцож буй албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар тусгажээ.