Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай болон Байгаль орчны сайд, тагнуул, цагдаагийн удирдлага, холбогдох байгууллагын дарга нарыг суулгаж байгаад “мундаг” мэдэгдэл хийлээ. Тодорхой үүрэг даалгавар өгөв. Хэрэгжүүлж чадахгүй бол албан тушаалаа өгөхийг шаардав. Ноёны үг хууль гэдэг шиг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс өгсөн үүрэг тэр өдөртөө биеллээ олж, орой нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Төрийн ажил ингэж шуурхай явсанд шагшин магтаж, алга таших хүн олон байв. Мэдээж тийм.
Сонгуулийн цикл бүрт хууль бус үйл ажиллагаатай тэмцэхээ мөрийн хөтөлбөртөө тунхагладаг, төрийн албаны хүнд суртлыг арилгахаа амалдаг, тэгээд замхардаг угжирсан тогтолцоотой манайх шиг улсын холбогдох байгууллага нь шат шатандаа түргэн авч ганцхан өдрийн дотор ийм шийдвэрт хүрснийг “сайшаах”-аас өөр аргагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг холбогдох газрууд нь энэ мэтчилэн шуурхай шийдвэрлэдэг бол сайн л хэрэг. Гагцхүү уг асуудалдаа биш агуулгадаа, хувь хүндээ учир байгааг энд тодотгох гэсэн юм. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төвшинд. Түүнд бяр байна уу байна. Эрх мэдлийг бүхэлд нь атгаж байна уу гэвэл тийм. Харин түүнд эв дүй үнэндээ алга.
Хэдий бяртай, эрх мэдэлтэй байлаа гээд эв дүйгүй бол ажил урагшлахгүй, асуудлыг зөвөөр шийдвэрлэхгүй.
Үүн шиг Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж буй У.Хүрэлсүх асуудлыг холбогдох ном журмаар нь биш өөрт төвлөрсөн эрх мэдлийн хүрээнд бярдах болсоор удав, уул уурхайн салбарт. Үүгээрээ тэр буруу жишиг тогтоож эхэллээ. Эхлээд тэр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Салхитын мөнгөний ордыг төрд авав. Ерөнхий сайдаасаа өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан одоогийн спикер Г.Занданшатар тагнуул, цагдаа, дотоодын цэргийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр очиж тусгай ажиллагаа зохион байгуулсан нь оны өмнөх үйл явдал.
Маргаантай яваа асуудлыг шүүхээр эцэслэн дэнслээгүй байхад Ерөнхий сайд нь үүрэг өгч төрд хүчээр авсны зөв, бурууг тогтоох нь мэдээж эрт. Эцсийн шийдвэрийг шүүх гаргаж мухарлах учраас. Ямар ч байсан Хэрэг эрхлэх газрын дарга нь тагнуул, цагдаа, хэвлэлийнхнийг дагуулж очоод сүр дуулиантайгаар үйл ажиллагааг нь зогсоож, төрд авсан бичлэг нь одоо ч цахим орчинд байна. Төрд буцаан авсан Салхитын мөнгөний орд газарт өдгөө үйл ажиллагаа явуулдаг, түүнээс хойш татвар хэчнээн хэмжээний мөнгө оруулсан эсэхийг хэлж мэдэхгүй. Сонирхолтой нь, уг маргаантай асуудлын учиг, эргэлзээг тайлаагүй байхад дахин нэг орд газрын тусгай зөвшөөрлийг цуцалж, төрд авсан нь Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компани болов.
Ерөнхий сайд нь “Тэр лицензүүдийг цуцалж, Тост, тосон бумбыг улсын тусгай хэрэгцээнд ав” хэмээн жавтий хүртээсэн нь ажил хэрэг болсон нь энэ. Өглөө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх аман үүрэг өгснийг орой нь яам, агентлагийн төвшинд бодит ажил болгосон хэрэг. Уг нь тухайн бүс нутагт хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэх, тусгай хамгаалалттай газарт хамаарч буй эсэхийг эхлээд шат дараатайгаар тогтоох нь зүйн хэрэг.
Гишүүн Л.Энхболдоос дээрх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуд ямар нэгэн зөрчилгүй гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга нь албан бичгээр мэдэгдсэн нь өнгөрсөн зургадугаар сар. Гэтэл түүнийг нь Ерөнхий сайд мэдээгүйдээ ийм үйлдэл хийв үү, мэдсээр байж зөвхөн олон нийтээс оноо цуглуулахыг илүүд үзэв үү гэсэн асуулт гарч ирж байна.
Эсвэл Хэрэг эрхлэх газрын даргадаа Ерөнхий сайд нь итгэдэггүй хэрэг үү. Тийм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсан болж таарлаа. Цаашлаад энэ мэтчилэнгээр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан уурхайн ам бүрийг тагнуул, цагдаагийн алба хаагчдыг дагуулан очиж хаахад гайхах зүйлгүй болжээ. Хамгийн гол нь, шударга ёс нэрийн дор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг эрх мэдлийнхээ хүрээнд бярдаж байгаа Ерөнхий сайдын үйлдлийг бусад нь хэрхэн харж, хүлээж авч буй бол гэдэг нь асуулт. Сайнаар хүлээж авахгүй нь лав. Эсрэгээрээ хуулийг ягштал биелүүлж бусдадаа, танхимынхаа гишүүдэд үлгэрлэх ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрөө буруу жишиг тогтоож буйгаас өөрцгүй харагдаж байна. Үүнээс улбаалж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн таалал, эрх ашигт нийцэхгүй бол тусгай зөвшөөрлөө цуцлуулдаг, хураалгадаг ойлголтыг бизнесийн салбар тэр дундаа хөрөнгө оруулагчдын ой тоонд тэр өөрөө шигтгэж байх шиг. Энд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Б.Чойжилсүрэн нарын хувь хүн хоорондын зөрчлийг шүүж тунгаах гэсэнгүй.
Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компанийн автор нь Б.Чойжилсүрэн гишүүн хэмээх ойлголтыг олон нийтэд төрүүлж буй болохоос тэнд ажиллаж байгаа ажилчид бусдын адил хөдөлмөрлөж, гэр бүлээ авч яваа хүмүүс биш гэж үү.
Тэгээд ч уул уурхайд хүссэн болгон нь хөрөнгө оруулалт хийдэггүй. Өөрт ашигтай, бусдад өгөөжтэй байдлаар ирээдүйгээ харж хөрөнгө оруулдаг. Тэр хүрээнд тооцоолж, холбогдох газруудаас нь зөвшөөрөл авсны дагуу хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж энэ бүхэн холбогдох хуулийн хүрээнд явах ёстой. Угаасаа зах зээлийн зарчим нь ч тийм. Гэтэл эсэргүүцсэн болгоны аманд орж, хууль хяналтынханд үүрэг өгөх замаар олон нийтээс оноо цуглуулах нь Ерөнхий сайдын хийх ажил мөн үү.
Монгол Улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ түүнийг татна, хөрөнгө босгоно гэдэг бяраар биш эвээр, олон удаагийн хэлэлцээний хүрээнд шийддэг жамтай. Тэднийг эрх мэдэл, хууль хүчний байгууллагын сүр хүчээр далайлгахын нэр лав биш ээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд Г.Баярсайханыг шанаадан унагаахаас тэс өөр гэдгийг эрхэм хурандаа мэдэж л баймаар. Түүнд бяр нь байвч эв дүй үнэндээ алга.
С.Сүлд
Сэтгэгдэл (44)