УИХ дахь АН-ын зөвлөлөөс Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр замыг стандартын дагуу хийгээгүй болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Цаг үеийн асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Эндээс анхаарал татсан зүйл нь зам барих асуудал олон Засгийн газрын түвшинд яригдсан. Энэ утгаараа стандартын дагуу баригдах ёстой. Гэтэл Налайхын автозамын түр замтай холбоотой асуудлын хажуугаар Улаанбаатар-Дархан чиглэлийн түр замын асуудал иргэдийг бухимдуулах боллоо. Яагаад гэвэл түр замыг стандартыг дагуу хийгээгүйгээс болж эдийн засгийн хохирол учруулж байна. Иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч байна. Хэрвээ иргэдээ бодож байвал стандартын дагуу түр зам барих ёстой. Яамны зүгээс өгсөн мэдээллээр энэ замыг барих нөхцөл байдал, санхүүжилт хангалтгүй болох нь харагдсан. 200 гаруй км зам тавихад 6.5 тэрбум төгрөг төсөвлөх нь байж боломжгүй зүйл. Тиймээс онцгой анхаарах ёстой гэдгийг хэллээ. Ирэх арваннэгдүгээр сард багтаж, дуусгана гэсэн. Гэхдээ амжихгүй байх. Технологийн сахилга бат хангаагүй, гүйцэтгэх процесс нормын дагуу биш байна. Түр замын асуудлыг шийдэхгүйгээр Дарханы замыг ашиглалтад оруулах хэцүү. Энэ утгаараа яамнаас шаардлагатай арга хэмжээ авах ёстой.
Дараагийн асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Энэ асуудлаар ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргад гурван шаардлага хүргүүлсэн. Дахин давтаж хэлье. Улс орны хөгжлийг хангасан, хөгжилд хүргэх зорилготой юм бол гурван гол суурийг хангах ёстой. Үүнд парламентийн засаглалтай байх ёстой юм бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой. Дараагийнх нь эдийн засгийн хөгжил орон нутгийн хөрсөнд бууж, эдийн засгийн хөгжлийг бүрэн хангана гэвэл орон нутгийн хөгжлийг гойд анхаарах ёстой. Тиймээс төсвийн санхүү, төсвийн сахилга батыг тодорхой болгох, ялангуяа орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах ёстойг илэрхийлсэн. Гуравдугаарт, ард түмний засаглах эрхийг хангах, парламентийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудал. УИХ-ын гишүүн үүргээ биелүүлээгүй бол өөрийн болон иргэдийн санаачилгаар УИХ эгүүлэн татах асуудлыг тодорхой тусгайх ёстой. Эдгээр саналыг бэлдээд зөвлөлийн хурлаар хэлэлцсэн.
Нэг жишээ хэлэхэд, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төрийн төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогыг сайжруулахад хэд хэдэн заалтыг тусгаж өгөх ёстой. Төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, хэрэгцээ шаардлагын хүрээнд Үндсэн хуулийг 5.2 гэсэн зүйл нэмээд “улсын өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувиас дээшгүй байна” гэсэн заалтыг зайлшгүй оруулах шаардлагатай.
Өрийн хэмжээг Үндсэн хуулиар баталгаажуулахгүй бол УИХ-д олонх болсон нам нь өөрийн үзэмжээрээ дураараа өөрчилж байна.
Энэ бол байж боломгүй зүйл. Нөгөөтэйгүүр, орон нутагт эрх мэдэл өгөхгүйгээр энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй. Орон нутаг бие даасан төсөвтэй, татварын хураалттай байх ёстой. Татвар хураамжийг зөвхөн хуулиар тодорхойлох ёстой. Ийм зарчмын зөрүүтэй саналыг хүргүүлэхээр бэлдэж байна. Ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хороонд өнөөдөр хүргүүлнэ. Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь ард түмэнд бий. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарт санал хүргүүлсэн. Үүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан санал хураалтыг УИХ-ын нэгдсэн чуулганаар яаралтай оруулах ёстойг мэдэгдсэн. Тогтоолын төслийг хавсаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Хэрвээ үнэмлэхүй олноороо түрүү барьж, Үндсэн хуулийг өөрчилнө гэж байгаа бол АН энэ хэлэлцүүлэгт оролцохгүй. Өмнө нь ч илэрхийлсэн” гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Зөвшилцлийн ажлын хэсгийн явц ямархуу шатанд үргэлжилж байна вэ. Маргаашнаас байнгын хороодоор хэлэлцүүлээд хоёр дахь хэлэлцүүлэг албан ёсоор эхэлнэ. Ерөнхийлөгч зарим саналаа татсан. АН-аас хүргүүлсэн зарим санал туссан гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хэлсэн. Яг ямар саналыг тусгасан юм бол?
-Хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Нэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хангах ажлын хэсгийг Ө.Энхтүвшин дарга ахалж байна. Нөгөөх нь Ерөнхийлөгчийн гаргасан хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөвшилцөх ажлын хэсэг. Зөвшилцөх ажлын хэсэгт миний бие хоёр удаа оролцсон. Сүүлийнхэд нь оролцоогүй. Энэ хурлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, зөвшилцөхгүй гэдгээ тодорхой оруулсан байна лээ. Ерөнхийлөгчийн гаргасан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвшилцлийн ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн саналд АН байр сууриа илэрхийлсэн. Түүнээс биш АН-ын байр сууриа илэрхийлээгүй. УИХ-ын гишүүдийн тоог хэд болгох асуудал яригдаж байна. Гишүүдийн тоо хэд байх нь гол асуудал биш. Харин сонгуулийг ямар хэлбэрээр явуулах бэ гэдэгт намын жагсаалтаар ордог пропорцианаль хэлбэрийг Үндсэн хуульд заавал тусгаж өгөх ёстой. Холимог хэлбэрээр байна уу, эсвэл дангаараа явах уу гэдэгт шүү дээ. Учир нь 76 жижиг тойрог нь төрийн нэгдсэн бодлогод сөргөөр нөлөөлж байна. Төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж байна. Засгийн газрын тогтворгүй байдал нь гишүүдийн хувийн тоглолтоос хамаарч байна. Тиймээс Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгодог болох хэрэгтэй. Мөн сонгуулийн тогтолцоог ойлгомжтой болгох хэрэгтэй. Түүнчлэн төрийн эдийн засгийн хэлбэр нь ямар байх бэ гэдгээ тодорхой болгохгүй бол Үндсэн хууль өөрчилсний ач холбогдол үгүй болно. АН энэ байр суурьт хэвээр байна. Ерөнхийлөгчийн саналтай ажлын хэсгийн болон МАН-ын бүлэг хоорондоо ярилцаж байх шиг байна.
-Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтээрээ хэлэлцвэл цаг хугацааны хайчинд орно гэдэг зүйл яригдаж байна.
-Анхны төлөвлөгөөгөөр ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 3-ны үеэр зохион байгуулна гэсэн. Энэ хэвээрээ байх. Бүгд ойлголцож байж энэ хуулийг батлах ёстой. Тойргийнхоо иргэдтэй хэлэлцүүлэг хийсэн гэсэн. Уучлаарай, би итгэхгүй байна. Наадмын үеэр бүгдээрээ амралтаа авчихсан, наадамлаж байна. Ийм үед хэлэлцүүлэг хийх үү. Ийм нөхцөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа сөрөг үр дагавар гарвал хэн хариуцах бэ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (9)