Өмнөговь аймагт нийтийг хамарсан хоолны хордлого гарсан байна. Тодруулбал, энэ сарын 8-ны орой аймгийн эрүүл мэндийн газрын түүхт 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон 60 гаруй иргэн хоолны хордлогод орсон байдалтай эмнэлэгт ханджээ. Одоогийн байдлаар 66 хүн хоолны хордлого авсан нь тогтоогдсон бол 20 иргэн аймгийн бүсийн оношлогооны төвийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Хордлого авсан иргэд энэ сарын 10-наас шинж тэмдэг илэрсэн гэх өгүүлэмжтэй эмнэлэгт хандсаны дагуу эмнэлгийн алба хаагчдын тоог нэмж ажиллаж байна. Хоолны хордлого гарсны дагуу Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч ажиллаж байгаа аж.
Халдвар авсан иргэд гэдэсний бактераар өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоодсон байна. Эдгээр иргэдэд халдварласан гэдэсний бактер нь мах, өндөг зэргээр халдварладаг бөгөөд ходоод, нарийн гэдэст шархлаа үүсгэж, улмаар ахуйн замаар бусдад халдварлагддаг аж.