Тэмбүүгийн өвчлөл буурч байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн онд тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурч байсан бол энэ оны эхний таван сарын байдлаар 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурсан байна. Уг өвчин нь 15-24 насны хүн амын дунд харьцангуй өндөр байгаа юм байна
Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байгаа аж. Уг ажлын хүрээнд гурван чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран дөрөв, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны дөрвөн ажил төлөвлөжээ. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна. Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум,аймаг,нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой.