Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153.4 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай Засгийн газрын тогтоол багтагдлаа.
Үүнтэй уялдуулж Засгийн газраас Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдахаар боллоо” гэлээ.
Н.Цэрэнбат сайдын онцолсноор У.Хүрэлсүхийн танхимын таван сайдаар ахлуулсан томоохон ажлын хэсгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр "их ав"-д мордох бололтой. Цаашлаад Салхитын мөнгөний орд, Баянтэсийн уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалж, төрд буцаан авахаар болсонтой агаар нэг байдал хаана, хэний эзэмшлийн орд газартай холбогдох вэ гэсэн асуултыг дагуулж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ "Та бол гучин гэр бүлийн нэг мөн, Н.Номтойбаяр аа. Зөвхөн "МАК" 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суврагын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суврагыг буцааж авах асуудлыг тавина. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ. Нэг ч лицензгүй хүн Монголд 3 сая байгаа шүү. Энэ утгаараа та гучин гэр бүлийн нэг мөн. Эх орондоо хайртай хууль журам хэрэгжүүлэх гэж л байгаа бол та Цагаан суврагаа улсад буцааж өгөөд Улсын үйлдвэрийн газар байгуулчих. Би та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа юм" хэмээн гишүүн Н.Номтойбаярт үг дайж байсан удаатай.
С.Сүлд
Сэтгэгдэл (6)