Ерөнхийлөгч Х.Баттулгын тодотгосноор Монгол Улсын газрын хэвлий дэх нийт баялгийн тусгай зөвшөөрөл “30 гэр бүл”-ийн халаасанд яваа. Тэдгээрийг нэгбүрчлэн зарлаагүй, хүн тус бүрийг олон нийтэд танилцуулаагүй хоёр жил дуншсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индэрээс заримынх нь нэрийг ил болгосон. Удалгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх “30 гэр бүл” байдгийг онцлоод түүний нэгээр нь гишүүн Н.Номтойбаярыг цоллосон нь жилийн өмнөх үйл явдал. “Та бол гучин гэр бүлийн нэг мөн, Н.Номтойбаяр аа” хэмээсэн тэрбээр үргэлжлүүлэн “Зөвхөн "МАК" гэхэд 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суврагын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суврагыг буцааж авах асуудлыг тавина. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ.
Нэг ч лицензгүй хүн Монголд гурван сая байгаа шүү. Эх орондоо хайртай хууль журам хэрэгжүүлэх гэж л байгаа бол та Цагаан суврагаа улсад буцааж өгөөд Улсын үйлдвэрийн газар байгуулчих” гэж байв.
Хариуд нь гишүүн Н.Номтойбаяр “Үндсэн хуулиар Цагаан суваргын орд төрийн мэдэлд байгаа. Тэрийгээ хураагаад авч болно. Хурааж авах эрх нь Засгийн газарт байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар ярьсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Чингис” бондын 1.5 тэрбумаас 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргаад 34 хувийг нь авъя гэсэн. Гэтэл энэ саналыг тухайн үеийн Сангийн сайд болон бусад нь эсэргүүцсэн. Тэр үед би УИХ-ын гишүүн байсан. Энэ төслийг үргэлжлүүлээд хийхэд мөнгө ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Хэрвээ тухайн үед Засгийн газар 350 сая ам.доллараа төлсөн бол хэрэгтэй байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар Цагаан суварга дээр ямар зарчим баримтлахаа тодорхой болгочих. Авна гэж байгаа бол ав. Өнөөдрийн байдлаар 400-гаад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо үйлдвэр баригдаж байгаа. Ганц Цагаан суварга биш Оюу Толгой, Петро Чайна зэрэг уул уурхайн ордуудаа төр аваад улсын үйлдвэрийн газар байгуул” гэсэн байдаг.
Үүнээс хойш жил гаруйн хугацаа тойрсон ч цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн “30 гэр бүл”-ийн тухай яриа замхрах тийшээ орж байх шиг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Цагаан суваргын ордыг төрд буцаан авах талаарх байр суурь ч мартагдав.
Гэхдээ энэ хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газраас уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр огт гаргаагүй гэвэл үгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Занданшатараар ахлуулсан тагнуул, цагдаа, тусгай хүчнийхэн Салхитын мөнгөний ордыг төрд буцаан авсан. Араас нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Сауд Гоби Коэл Транс” компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлав, хоёр хоногийн өмнө.
Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэгэн анхаарал татахуйц шийдвэр гаргасныг Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийх үеэрээ дуулгав. Тэр нь Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензэд хяналт тавих, хууль зөрчсөн эсэхийг шалгахаар болсон тухай. Мэргэжлийн хяналт, цагдаагаас эхлээд холбогдох тусгай зөвшөөрлийг нь олгосон, олгодог, шаардлагатай тохиолдолд цуцалдаг эрх бүхий яамны сайд нар нь ажлын хэсгийг ахалж байгаа болохоор тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг энэ удаагийн шалгалт илээд өнгөрөхгүй нь тодорхой.
Нэг хоёр хүн, эсвэл нэжгээд ТББ, яам, агентлаг, хувь улстөрч хооронд маргаан дагуулж, магадгүй заримынх нь өндөр сэнтийд суух гүүр нь болсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хардлагад Засгийн газар цэг тавьж, таван сайдын төвшинд шалгаж, цэгцлэхээр болсон нь энэ байв.
Хууль зөрчсөн эсэхийг нь өргөс авсан юм шиг нэг өдөрт нь тогтоочихгүй учраас Ажлын хэсгээс хийх хяналт, шалгалтад тодорхой хэмжээний цаг хугацаа орж таарна. Тэр хэрээрээ нийгмийн анхаарлыг татна. Гэхдээ энд нэг асуулт байна. Энэхүү шалгалтын хүрээнд “Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ. Нэг ч лицензгүй хүн Монголд гурван сая байгаа шүү” хэмээсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг биеллээ олох уу.
У.Хүрэлсүхийн өөрийнх нь хэлсэнчлэн Н.Номтойбаяр “30 гэр бүл”-ийн нэг нь үнэн юм бол шүү дээ. Гагцхүү эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, төдий хугацаанд үйл ажиллагаа явуулсан уул уурхайн компаниас төр өмчөө шууд буцааж авах эрх зүйн орчин нь манайд ямар бол, байгаа юу. “Цагаан суваргын ордыг авна гэж байгаа бол ав” гэж Н.Номтойбаяр гишүүн хэлсэн болохоос 400 сая ам.долларын хөрөнгө оруулсан, тэр хэмжээний нөхөн төлбөрийг Засгийн газар өгөөрэй гэдгийг битүүхэн хэлчихсэн. Төр өмчөө мэдэж байна гээд Цагаан суваргын тусгай зөвшөөрлийг хураагаад авчихлаа гэхэд эзэмшигч талаас нь зөрүүлээд Засгийн газрыг шүүх, цаашлаад Арбитрт өгөх магадлал нь өндөр. Яг л Монголын Засгийн газар Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс”-ын заргаар дуудагдаж, ялагдсан шиг.
Ингэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга бустай тэмцэл МАК-ийн эзэмшилд байдаг гэх 36 лицензээс хэдийг нь хураах хүчтэй бол? Түүнийг нь таван сайдаар ахлуулсан ажлын хэсгээс хийх шалгалтын үр дүн, цаг хугацаа л харуулна.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (12)