Монголын Үндэсний музей хэдхэн хоногийн өмнө шинэхэн олдворуудаа танилцуулсан билээ. Уг судалгааг үргэлжлүүлж ажиллана гэдгийг тэд тодотгож байгаа юм. Гэвч тухайн олдворуудыг хадгалах байр савны хувьд манайд нэн дутмаг. Цаашид зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Энэ асуудлаар Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний мэргэжилтэн Ч.Баяндэлгэртэй ярилцсанаа хүргэе.
-Монголын эзэнт гүрний үед хамаарах олдворуудыг саяхан танилцуулсан. Олдворыг судлахад хэдий хугацааг зарцуулсан бэ?
-2016 онд энэ талаарх мэдээллийг авсан юм. Тухайн үед зөвшөөрөл байхгүйн улмаас 2017 оноос судалж эхэлсэн. Нийт 20 орчим булшин дээр ажилласан.
-Дээрх олдворуудыг 700-800 жилийн өмнөх үеийнх гэдгийг хэрхэн тодорхойлсон юм бол?
-Нарийвчилсан он цагийг олох хамгийн эхний алхам бол харьцуулалт. Тухайлбал, Дундад зууны үеийн булш чулуун дараастай байдаг. Тухайн чулуун дараас ямар байхаас шалтгаалаад таамаг гаргана. Үүний дараа малтлагын явцад олдсон олдвор дээр ямар нэгэн хээ, дүрс, чимэглэл байлаа гэхэд тухайн хэлбэр дүрсийг аль үед хэрэглэж байсан эсэхийг харьцуулах аргаар дараагийн он цагийг авч үзэж болно. Дараа дараагийн гарсан олдворыг үүнтэй адил харьцуулна. Мөн С14-/лаборатори/-ийн гэсэн шинжилгээ байдаг. Амьд организм үгүй болох үед нүүрстөрөгч задардаг юм. Тухайн задралыг лабораторид шинжилж хэдий хэмжээний нүүрстөрөгч задарсныг олж тогтооно. Уг шинжилгээгээр тухайн олдворын нарийвчилж тогтоож болно.
-Малтлагын явцад ваартай өрөм, шар тос олдсон тухай?
-Өнгөрсөн жил зургаан хүний ясан дээр С14 судалгаа, шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр XI-XVI зууных гэж гарсан. Олдворуудыг Юань гүрний үеийн дурсгал гэж тогтоосон. Тухайлбал, XIII зууны үеийн сумны зэв зэрэг олон зүйлээс баталж болно. Монгол булшны гол элемент шагай чөмөг гэж байдаг. Энэ нь “Хоригийн ам” /Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Мунгараг багийн нутаг/-нд ажиглагдаж байгаа юм.
Монголын эзэнт гүрний үеийн иргэдийн булш байдаг. Өмнө нь цөөнгүй судлагдаж байсан юм. “Хоригийн ам” нь байршил зүйн хувьд өөр. Иргэдийн булш голдуу уулын бэлээр байдаг бол бидний малтсан булш уулын хяраар байрлаж байснаараа онцлогтой. Их сонирхолтой. Өмнө нь язгууртны гэж нэрлэгддэг булш Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумын Тавантолгой гэдэг газраас олдож байсан. Энэ нь дараагийн олдсон Монголын эзэнт гүрний үеийн язгууртны томоохон булш байсан юм. Харамсалтай нь хэдхэн жилийн өмнө тонуулчид бүгдийг нь эвдлэн сүйтгэсэн. Үзмэр болгож тавьсан олдворууд бидний олж ирсэн олдворын ердөө 10 хувь нь. Өөрөөр хэлбэл, асар их түүх, шинжлэх ухааны мэдээлэл агуулж байгаа олдворыг үгүй хийсэн гэсэн үг шүү дээ. Өөрсдийнхөө түүхийг баллуурдаад хаячихаж байгаад харамсаж байна.
-Музейд хэчнээн хувь нь байна вэ?
-“Хоригийн ам”-наас олдсон олдворын 10 орчим хувь нь музейд хадгалагдаж байна.
-Үлдсэн олдворыг хаана хадгалдаг юм бэ?
-Бид сан хөмрөгийн өрөөтэй. Тэнд баглаа, боодолтойгоо бий. Бага багаар нь гаргаж судалж байгаа.
-Олдворуудыг зөөх тусгай тоног төхөөрөмж гэж байдаг уу?
-Тусгай машин байдаггүй. Харин гэмтээхгүйн тулд цаасан хайрцаг болон зөөлөн жийргэвчээр авчирдаг.
-Өрөм, шар тосны хувьд хадгалалтын горимыг барилаа гэхэд цаашид хэдэн жил хадгалах боломжтой вэ?
-Хадгалалт хамгаалалтын тусгай мэргэжилтнүүд байх ёстой. Тэд хадгалалтын асуудалд түлхүү анхаарах байх. Хүйтэн хөргөгчинд хадгалж байгаа тул хэдэн жилдээ гайгүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь аливаа олдворыг хадгалж хамгаалах лаборатори, байр алга. Мөн ажлын байр их дутмаг байдаг.
-Төрөөс ямар нэгэн дэмжлэг байдаггүй юм уу?
-Байхгүй.
-Археологийн нэг судалгаа хийхэд дунджаар хэдий хугацаа зарцуулдаг вэ?
-Тухайн малтаж байгаа объектоос хамаарна. Долоон хоногоос эхлээд гурваас дөрвөн долоо хоног зарцуулж, судлах үе бий. Археологийн судалгааг дан ганц малтаад зогсохгүй, олдвороо баримтжуулах, судлах, харьцуулах шаардлагатай. Малтлага бол ажлын зөвхөн 10 хувь нь.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)