Энэ оны эхний хагас жилийн байдлаар техникийн хяналтын үзлэгт 379828 тээврийн хэрэгсэл хамрагджээ.
Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2018 оны байдлаар 970880 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, зам тээврийн ослын улмаас 20345 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 504 хүн амь насаа алдаж, 19.2 тэрбум төгрөгийн эд материалын шууд, 35.0 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирчээ.
Монгол Улсын хэмжээнд зам, тээврийн ослын улмаас нас барагсдын 78, хүнд гэмтэгсдийн 72 хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд 2012 онд 100 мянган хүнд ногдох зам, тээврийн ослоос үүдэлтэй нас баралт 21 байсан бол 2018 онд 16.9 болж буурсан хэдий ч Европын орнуудтай харьцуулахад ихээхэн өндөр байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийг суурин болон явуулын 50 төвөөр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн гурван төв ажлын өдөр 08.30-20.30, амралтын өдөр 09.00-19.00 цагуудад тогтмол ажиллаж байгаа ба өдөрт 1000-1500, жилд 350-500 мянган тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай аж.
Мөн хөдөлгүүр болон арал сольсон, нэмэлт төхөөрөмж суурилуулсан, урьд нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар засвар үйлчилгээ хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан, зам, тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат, зангилаа, механизмд эвдрэл гарсан болон автотээврийн хэрэгслийг засварласан бол дахин замын хөдөлгөөнд оролцохын өмнө, автотээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн, үйлдвэрийн технологийн зориулалтын дагуу угсарсан зэрэг тохиолдолд оношлогоонд дахин хамрагдахад төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ.